БОХХААБХ Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

2015 оны 1 сарын 15

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2015.01.15/ 09.00 цагаас гишүүдийн хувийн ирцтэй эхэллээ.

Хуралдаанаар эхлээд Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Ц.Оюунгэрэл, Б.Бат-Эрдэнэ, С.Оюун нарын тавьсан асуултад Сангийн сайд, холбогдох салбарын дэд сайд, газрын дарга  нар хариулт өгөв. Гишүүд асуулт асууж дууссаны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан дэмжигдсэн саналуудыг нэгтгэн томьёолж байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Үүний дараа Хөрөнгийн албан татварын тухай хуулийн төслийн /малын татвартай холбоотой асуудлаар/ анхны хэлэлцүүлгийг хийж санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Хэлэлцүүлгийн шатанд Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж хариулт авсан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, малчдыг малын хөлийн татвараас чөлөөлөхдөө жишээ нь дөрвөн ам бүлтэй өрх байлаа гэж бодвол 50-иар үржүүлж 200 малыг хонин толгойгоор тооцоод хасч, үлдсэн малаас малын хөлийн татвар авах юм байна гэж ойлгож байгаа нь зөв үү. Малын тоо толгойноос авах татварыг сумын хурал шийдэж болдоггүй юм уу. Тухайн аймгийн сум бүр газар нутаг, байгалийн өөр өөр онцлогтой байдаг. Дээр үед тэмээг үржүүлэх бодлогын хүрээнд татвар авдаггүй байсан. Харин одоо оруулж ирж буй төсөлд тэмээ, ямаа хоёрыг хонин толгойд шилжүүлэхдээ хоёр хонин толгойгоор тооцож оруулж ирсэн байгаа. Энэ нь хөдөө аж ахуйн салбарт таван хошуу малыг жигд хөгжүүлэх, алс хэтдээ ямаа зэрэг малын тоо, зохистой харьцааг хангахад зөв бодлого болж чадаж байна уу. Мөн хөрөнгийн албан татварт бууг оруулж ирсэн байна. Малчдын хувьд буу нь байндаа тусдаггүй, дуу ихтэй буунууд байдаг. Эдгээр буунуудаас 100 мянган төгрөгийн татвар авахаар орж ирж байгаа. Малчдад хэрэглэгдэж байгаа бууг татвараас чөлөөлөх, эсвэл харьцангуй бага татвар ногдуулах боломж бий юу зэрэг асуултыг хөндсөн юм.

Малын хөлийн татварыг өрхийн нэг гишүүнээс гэж үзэн 50 хониор тооцож татвараас чөлөөлөхөөр тусгасан. Ажлын хэсэг дээр малчдын хэрэглэдэг “калибрь” бууны татварыг өөрчлөхгүйгээр хуучнаар нь явья гэсэн саналыг гаргасан. Үл хөдлөх хөрөнгө дээр дээд шатлалыг нь гурав дахин нэмэгдүүлсэн. Үүн дээр орон нутаг өөрсдөө тогтоож авна гэсэн тайлбарыг Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн бодлогын газрын дарга Ж.Ганбат өгөв.

Мөн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Агаарын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Тогтоолын заалт хүчингүй болгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан дэмжсэнээр санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Түүнчлэн тус байнгын хорооны харьяанд багтдаг Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Ингэснээр дэд хорооны бүрэлдэхүүнээс Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан гишүүнийг чөлөөлж, дэд хорооны бүрэлдэхүүнд орох саналаа ирүүлсэн Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүүг дэд хорооны бүрэлдэхүүнд оруулах, дэд хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулгыг оруулах Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналаар тус тус санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15862
0 эможи
keyboard_arrow_up