Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн төслийг дэмжсэнгүй

2015 оны 1 сарын 14

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2015.01.14/ хуралдаан 10 цаг 25 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанд Сангийн яамны ажлын хэсгийн гишүүд болон тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд харьяалагддаг төрийн байгууллагуудын удирдлагууд, төсвийн ерөнхийлөн захирагчид оролцов.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Батхүү өчигдөр хуралдсан Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаас Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дахин хэлэлцэж өрийн таазыг нэмэгдүүлэх эсэх асуудлыг шийдсэний дараа 2015 оны улсын төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийхээр болсон тул энэ асуудлыг түр хойшлуулах горимын санал гаргасан юм. Харин УИХ-ын гишүүн Н.Энхболд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын энэ оны төсвийн тухайд өрийн таазтай холбоотой асуудал яригдахгүй бол төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх санал гаргав. Энэ саналтай холбогдуулан Батлан хамгаалахын болон Гадаад хэргийн сайд нар тухайн салбарын яамдын энэ оны төсөвт өрийн таазыг нэмэгдүүлэхтэй холбогдсон хөрөнгө оруулалтын ямар нэг асуудал байхгүй гэдгээ хэлсэн тул Г.Батхүү гишүүн горимын саналаа татаж авсан юм.

Ингээд Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж УИХ-ын гишүүн О.Содбилэг, Н.Энхболд, Ж.Энхбаяр нар Сангийн яамны ажлын хэсэг болон салбарын сайд, төсвийн ерөнхийлөн захирагчдаас асуулт асууж хариулт авав. Мөн төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан үг хэлсэн УИХ-ын гишүүн Н.Энхболд Зэвсэгт хүчний жанжин штаб нь бусад байгууллагаас ихээхэн онцлогтой газар учраас урьд нь нэг орлогчтой байсныг хэвээр үлдээх нь зүйтэй байна гэсэн санал гаргасан юм. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт энэ асуудлын тухайд Засгийн газрын тогтоолоор 100 хүртэл хүнтэй байгууллага орлогч, дэд даргагүй байхаар шийдвэрлэсэн. Зэвсэгт хүчний жанжин штабын тухайд урьд нь нэг орлогчтой байсан нь энэ тогтоолоор хасагдаж, 12 сая 800 мянган төгрөгийн төсөв хэмнэхээр байгаа. Байнгын хороо тус газрыг нэг орлогчтой хэвээр байлгахаар шийдвэл төсөвт нь зохицуулалт хийгээд явах боломжтой. Гэхдээ Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн хариулт өгсөн юм.

Ингээд гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалгахад Зэвсэгт хүчний жанжин штабын орлогчийн орон тоог хэвээр үлдээх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь, Зэвсэгт хүчний хөгжлийн санд 5 тэрбумыг нэмж тусгах саналыг 83.3 хувь нь дэмжлээ. Харин УИХ-ын гишүүн О.Содбилэгийн гаргасан Гадаад хэргийн яамны ёслол хүндэтгэлийн өргөөний үлдэгдэл хөрөнгийг төсөвт нэмж тусгах санал олонхын дэмжлэг авч чадсангүй. Байнгын хороо эдгээр санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Дараа нь Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Хуулийн төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Цог, Д.Дэмбэрэл, Д.Бат-Эрдэнэ, Сү.Батболд, С.Оюун нар Сангийн яамны ажлын хэсэг болон Батлан хамгаалах, Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагуудаас асуулт асууж тодруулав. Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар зэвсэгт хүчний албан хаагчид нь эх орны тушаалаар явдаг, гэр бүл нь ажил хийх боломж хомс, ахуй амьдрал нь хохирдог гээд бусад байгууллагаас их онцлогтой салбар. Нийт бие бүрэлдэхүүний 60-70 хувь нь 45 нас хүрээд тэтгэвэрт гардаг ахлагч нар байдаг. Энэ жилийн тухайд манай салбараас 170-аад хүн тэтгэвэрт гарахаар өргөдлөө өгсөн. Үүнд нийтдээ 4 тэрбум төгрөг шаардлагатай атал Сангийн яам 2.5 тэрбумыг тусгаж өгсөн. Гэтэл энэ хуульд өөрчлөлт орох яриа гарсан тул одоогоор 650 гаруй албан хаагч тэтгэвэрт гарах өргөдлөө өгөөд байна. Иймээс хуулийг хэвээр нь мөрдвөл хэрэгтэй байна гэлээ. Мөн Хил хамгаалах ерөнхий газрын дарга, бригадын генерал Ш.Лхачинжав, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц нар ч хуулийг хэвээр нь мөрдөх саналтай байгаагаа хэллээ.

Хуулийн төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан үг хэлсэн УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан төрийн хууль тогтоомж тогтвортой мөрдөгдөж байх учиртай, хүндрэл бэрхшээл гэсэн түр зуурын асуудалд автаад байх нь зохисгүй. Асуудлыг цэгцлэх нь зөв ч төрийн тусгай албаны онцлогийг харгалзаж үзэх хэрэгтэй гэсэн бол УИХ-ын гишүүн Л.Цог улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнолын асуудлыг анхаарах зайлшгүй шаардлагын үүднээс энэ хуулийн төслийг буцаах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэлэв. Мөн УИХ-ын гишүүн Н.Энхболд бодлогын алдаатай хуулийн төсөл орж ирсэн тул дэмжих боломжгүй гэдгээ хэлсэн юм. Иймээс Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих боломжгүй гэсэн саналын томьёоллоор санал хураалгахад хуралдаанд оролцсон 16 гишүүний 15 нь буюу 93.8 хувь нь дэмжлээ. Энэ тухай Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Мөн энэ өдрийн хуралдаанаар тус байнгын хорооны харьяа Тусгай хяналтын дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. УИХ дахь АН-ын бүлгээс тус дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Г.Батхүүг улируулан сонгохоор нэр дэвшүүлж буй тухайгаа тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар танилцуулсан юм. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 93.3 хувь нь УИХ-ын гишүүн Г.Батхүүг Тусгай хяналтын дэд хорооны даргаар улираан сонгохыг дэмжлээ.

Дараа нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалын хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийж санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцээд найруулгын зарим өөрчлөлтийг тусгаж баталлаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15782
0 эможи
keyboard_arrow_up