Байнгын хороо төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

2015 оны 1 сарын 13

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2015.01.13/ хуралдаан 9 цаг 55 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, 3 асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлийг хийлээ. Хуралдаанд Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат болон тус яамны ажлын хэсгийн гишүүд, мөн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд харьяалагддаг байгууллагуудын удирдлагууд, төсвийн ерөнхийлөн захирагчид оролцсон юм.

Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Н.Энхболд нар Сангийн сайд болон яамны ажлын хэсгээс асуулт асууж тодруулан УИХ-ын гишүүн Су.Батболд, М.Энхболд, Д.Лүндээжанцан, Х.Тэмүүжин, Н.Батцэрэг нар саналаа хэллээ. Мөн Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт гишүүдийн асуултад нэмэлт хариулт өгсөн юм.

Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагаас УИХ-ын Тамгын газарт хэрэгжүүлж байгаа “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь”, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслүүдийг хэрэгжүүлэхэд буцалтгүй тусламжаар олгох 350 сая төгрөгийг УИХ-ын даргын гадаад тусламжийн орлого, зарлагад нэмж тусгах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь нь дэмжив. Мөн УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, А.Бакей нарын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэн Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хүний хөгжил сан, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг дэмжиж, энэ тухай санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Дараа нь Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Су.Батболд, Н.Энхболд, нар Сангийн сайд болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаас асуулт асууж тодруулсны дараа гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэн энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Нийтийн сонсголын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр танилцууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өнгөрсөн оны 7 дугаар сарын 8-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг тус Байнгын хороо өнгөрсөн оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг түр хойшлуулсан. Учир нь УИХ-ын гишүүн С.Баярцогт хуулийн төсөлд УИХ-тай холбоотой зарим шинэ зохицуулалт, тухайлахад мөрдөн шалгах сонсгол явуулах зохицуулалтыг тусгасан байгаа тул хуулийн төслийг эхлээд нам, эвслийн бүлгүүд дээр ярилцаж ойлголцсоны дараа Байнгын хороогоор хэлэлцэх горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм.

Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр хууль санаачлагчийн илтгэлдээ, төрийн шийдвэр боловсруулах, хэлэлцэх, батлах, хэрэгжилтийг нь хянах бүхий л үйл ажиллагаанд иргэд оролцож, үзэл бодлоо илэрхийлэх, шийдвэрт саналаа тусгах боломж, нөхцөлийг бүрдүүлэх нь Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны суурь зарчмыг хангахад чухал ач холбогдолтой. Гэтэл бодлого боловсруулах, шийдвэр гаргах ажиллагаан дахь иргэдийн улс төрийн идэвх өрнөж, соёл төлөвшиж буй өнөө үед тэднийг сонсох, санаа бодлыг хууль тогтоогч, шийдвэр гаргагчид уламжлах эрх зүйн тогтолцоо хангалтгүй байсаар өдийг хүрлээ. Иймээс УИХ-ын хууль тогтоох, хяналт тавих, мөрдөн шалгах чиг үүргийн хүрээнд төдийгүй хуулиар эрх шилжүүлсний үндсэн дээр хууль санаачлагч, төрийн байгууллага, албан тушаалтан, нутгийн өөрөө удирдах байгууллагаас хэм хэмжээ тогтоосон акт болон нийтийн эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргах, хуульд заасан хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа нийтийн сонсгол зохион байгуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байна гэж үзсэний үндсэн дээр Ерөнхийлөгчийн зүгээс энэ хуулийн төслийг санаачлан боловсруулсныг дурдлаа.

Уг хуулийн төсөлд хууль тогтоох, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны, мөрдөн шалгах, захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн, орон нутгийн сонсгол гэсэн үндсэн 7 төрлийн сонсгол явуулж төрийг удирдах хэрэгт иргэдийн оролцоог хангахаар тусгажээ. Тухайлахад, хууль санаачлагч нь хүний эрх, эрх чөлөө, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарлахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх, нийтийн ашиг сонирхолтой шууд хамааралтай нийгэм, эдийн засаг болон байгаль орчны асуудлыг шийдвэрлэхэд хууль тогтоох сонсголыг явуулахаар тусгасан байна. Түүнчлэн хууль тогтоомжийн хэрэгжилтийн мониторинг үнэлгээ хийх эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор УИХ, нутгийн өөрөө удирдах байгууллага ерөнхий хяналтын сонсголыг явуулж байх юм байна.

УИХ нь төсвийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, төсвийн сахилга батыг дээшлүүлэх, төсвийн орлого, зарлага, төсвөөс санхүүжүүлсэн болон хөрөнгө оруулсан үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтыг хянах зорилгоор улсын нэгдсэн төсвийн биелэлт, зарцуулалттай холбоотой асуудлаар Төрийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулан төсвийн хяналтын сонсголыг зохион байгуулах аж. Харин мөрдөн шалгах сонсголын тухайд олон нийтийн санаа бодлыг түгшээсэн хууль зүй, улс төр, эдийн засаг, нийгмийн тодорхой асуудлаар, УИХ-ын гишүүн болон УИХ-аас томилогдсон албан тушаалтан хууль зөрчсөн эсэхийг тогтоох зорилгоор УИХ-аас явуулахаар зохицуулжээ. Мөн УИХ-аас тухайн сонсголыг явуулахдаа хэлэлцэх баримт сэлтийг цуглуулах, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороог байгуулж ажиллуулахаар төсөлд тусгасан байна.

УИХ өөрийн бүрэн эрхийн хүрээнд хамаарах асуудлаар албан тушаалтныг томилохдоо УИХ-ын нийт гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй гишүүдийн хүсэлтийг үндэслэн томилгооны сонсголыг явуулахаар, харин Засгийн газар болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан тушаалтныг томилохдоо томилгооны сонсгол явуулах уян хатан зохицуулалтыг тусгаж өгсөн байна. Тэгвэл орон нутгийн сонсголыг УИХ, Засгийн газар нь тухайн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хүсэлт, тухайн асуудал хариуцсан Байнгын хорооны шийдвэрийг үндэслэн тодорхой асуудлаар тухайн газарт очиж явуулж байх зохицуулалтыг төсөлд тусгажээ.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Энхболд асуулт асууж, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Н.Энхболд, Н.Батцэрэг, Л.Цог нар саналаа хэлсэн юм. Ингээд саналт хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 64.3 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнээр Байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15693
0 эможи
keyboard_arrow_up