Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойд зориулсан УИХ-ын дарга З.Энхболдын мэндчилгээ
Монголын нийт ард иргэд ээ!
Өнөөдөр хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэм байгуулах - Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ой тохиож байна.
Энэ өдрийг тохиолдуулан шинэ Үндсэн хуулийг батлахад гар бие, оюун ухаанаа чилээн оролцсон Улсын Бага Хурлын гишүүд, АИХ-ын депутатууд, эрдэмтэн судлаачид, хуулийн төсөл боловсруулах, хуралдаанд бэлтгэх ажлыг хариуцсан Улсын Бага Хурлын Тамгын газрын ажилтнууд болон нийт ард түмэндээ Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, баярын мэндийг дэвшүүлье!
Ардчилсан шинэ Үндсэн хуулийн төслийг нийт ард түмнээрээ З сар гаруй хугацаанд санал авч, Улсын Бага Хурлаар 4 удаа хэлэлцэн Ардын Их Хуралд өргөн барьж, тухайн үеийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрийн төлөөлөл багтсан, олон намын оролцоо бүхий Ардын Их Хурал 76 хоног хэлэлцэж баталсан түүхтэй.
Ардчилсан шинэ Үндсэн хууль улс орныхоо улс төрийн тусгаар тогтнолыг баталгаажуулж, хүний эрх, эрх чөлөөг бодитой ханган иргэн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сайн дураараа эвлэлдэн нэгдэх, төрийг удирдах хэрэгт оролцох эрхийг нь баталгаажуулан, төрийн эрх мэдлийг тэнцвэржүүлэх зарчмаар хуваарилсан нь өмнөх гурван Үндсэн хуулиас ялгагдах өвөрмөц онцлог юм.
Тийм ч учраас Үндсэн хууль батлагдсан тэр өдрүүдэд Монгол Улс дэлхийн анхаарлын төвд орж, НҮБ-аас “Монгол Улс анх удаа Үндсэн хуульдаа хүний эрх, эрх чөлөөг тусгайлан бүлэг болгож орууллаа” хэмээн цохон тэмдэглэж байлаа.
Ардчилсан шинэ Үндсэн хуулийг дагаж мөрдсөн 23 жилд Монгол орон улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэндийн салбарт бодитой үр дүнд хүрч, Үндсэн хуулийн хүрээнд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож, төрийн бүх шатны байгууллагыг чөлөөт ардчилсан сонгуулиар байгуулдаг тогтолцоог бүрдүүлж чадлаа.
Сүүлийн хэдэн жилд төрийн удирдлагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох зорилгоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, зарим зүйл заалтыг боловсронгуй болгох талаар санал, санаачилга олонтоо гарч байна.
Гэхдээ өөрчлөлт оруулахаар яригдаж байгаа санал, санаачилгыг нухацтай судалж шийдвэрлэх ёстой гэдгийг 2000 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбогдон гарч байгаа маргаан, мэтгэлцээн харуулж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-аас “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай” хуулийг баталж, Монгол Улсын Үндсэн хуулийн хэн ч халдашгүй амин сүнс болсон үндсэн бүтэц, суурь үзэл баримтлал, хөдөлшгүй зарчмыг өөрчлөхийг хязгаарласан.
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь санал боловсруулах шатнаасаа эхлээд нийтэд ил тод байж, иргэд болон олон нийтийн байгууллага, улс төрийн намуудын оролцоог хангаж, тэдний саналыг авах хуулийн шаардлагыг хангасан байх учиртай.
Нөгөө талаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар гаргасан саналуудыг бусад хуулиудаар зохицуулах боломж байгаа эсэхийг нягтлан судалж, Үндсэн хууль ба бусад хуулиудын уялдаа холбоог сайжруулах нь Үндсэн хуулийн үзэл санааг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой хүчин зүйлийн нэг гэдгийг анхаарах ёстой.
Монголын нийт ард иргэд ээ!
Монгол Улс хүн төрөлхтний хөгжлийн жам ёсны дагуу өнө мөнх оршин тогтнож хөгжин цэцэглэх учиртай. Үүний үндэс тулгуурыг 1992 оны ардчилсан шинэ Үндсэн хууль тунхаглан баталгаажуулсныг дахин хэлэхэд таатай байна. Бидний сахин мөрдөж, хэрэгжүүлж байгаа энэ Үндсэн хууль “Монголын ард түмэн бид...” гэж эхлээд “Мэдэгтүн, сахигтун” гэж дуусдагийн утга учир үүнд оршино.
Тогтвортой төр, хуулийн шударга хэрэгжилт дор төр улс маань хөгжин бадрах болтугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД
2015.01.13