Хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжин анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

2015 оны 1 сарын 10

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2015.01.10/ үдээс хойших нэгдсэн хуралдаан Хөрөнгийн албан татварын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулснаар эхэллээ. Үдээс өмнөх хуралдаанаар хуулийн төслийн талаар гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Дараа нь Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2015 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай, Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Тогтоолын төслүүдийн талаар Сангийн сайд Ж.Эрдэнэбат танилцуулав.

Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тодотголд 0-18 насны Монгол Улсын иргэн бүрд сар бүр олгодог 20 мянган төгрөгт зарцуулагдах хөрөнгийг 94,915.0 сая төгрөгөөр бууруулан нийгмийн халамж болон зарим нийгмийн шинжтэй хөтөлбөрүүдийг зорилтот бүлэгт чиглүүлэхээр тусгажээ. Үүнтэй холбогдуулан Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2015 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг шинэчлэн боловсруулж, зорилтот бүлэгт хамрагдах иргэдийн жагсаалтыг холбогдох тооцоо, судалгаанд үндэслэн тогтоох эрхийг Засгийн газарт олгохоор тусгасан хэмээн Сангийн сайд танилцуулав.

Мөн Эдийн засгийн гадаад, дотоод нөхцөл байдлаас үүдэн Хүний хөгжил сангийн төсвийн орлого буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 70 хувиар ордог орлого 2013 оноос буурч 2015 онд сангийн нийт орлого 338.8 тэрбум төгрөг болохоор байгаагаас тус санд үүссэн өр, төлбөрүүдийг 2014, 2015 онд дахин санхүүжүүлэх шаардлага үүсчээ. Тухайлбал зөвхөн 2015 онд Хүний хөгжил сангаас Засгийн газрын бондын төлбөр 404.9 тэрбум төгрөг, хүүгийн төлбөр 79.3 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр төлөхөөр байгаа нь тус сангийн төсөвт дарамт үзүүлэхэд хүрчээ. Тиймээс Төсвийн тухай хууль болон Хүний хөгжил сангийн тухай хуулийн дагуу Засгийн газрын бонд гаргах замаар санхүүжилтийн эх үүсвэр төвлөрүүлэн Хүний хөгжил санд өмнөх онуудад авсан өр, төлбөрийг гэрээний хугацаанд нь барагдуулж, сангийн цаашдын хэвийн үйл ажиллагааг хангах боломж бүрдэнэ гэж Засгийн газар тооцон Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай тогтоолын төслийг боловсруулсан гэж Сангийн сайд танилцуулав.

УИХ-ын гишүүд, иргэдийн амьжиргааны түвшинг хэрхэн тодорхойлсон, сар бүр 20 мянган төгрөг авч байсан хүүхдийн тоо хэдээр буурч байгааг, хэрэв амьжиргааны түвшинг буруу тодорхойлон хүүхдийн мөнгө авах эрхийг нь хассан байвал хэрхэн шийдэх талаар тодруулж байлаа.

Сангийн сайд болон ажлын хэсгээс хариулснаар, иргэдийг амьжиргааны түвшингээр нь 20 бүлэгт хуваан 1-15 дахь бүлэг буюу нэн ядуугаас дундаж хэрэглээтэй гэсэн жагсаалтад багтсан өрхийн хүүхдүүдэд сар бүрийн 20 мянган төгрөгийг олгохоор тооцсон байна. Өнөөдрийг хүртэл нийт 1 сая 49 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгож байсан аж. Харин 1-15 дугаар бүлэгт багтсан өрхийн хүүхдүүдэд олгоно гэж тооцвол энэ тоо 629 мянга болж буурч байгаа юм байна. Гэхдээ амьжиргааны түвшинг нь буруу тогтоон хүүхдийн мөнгө өгөх жагсаалтаас хассан байна гэсэн өргөдөл гаргасан тохиолдолд дахин үнэлгээ хийж, буруу тооцоологдсон байвал мөнгө авах хүүхдийн жагсаалтад оруулж болохоор тусгасан ажээ. Гишүүд асуулт асууж, саналаа хэлсний дараа тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Онцгой албан татварын тухай болон Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх тухай байлаа.

Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ж.Эрдэнэбат танилцуулав. Татварын ерөнхий хууль, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулиудад Монгол Улсад татварыг төгрөгөөр ногдуулж, төлөхөөр заасан байдаг. Гэтэл Онцгой албан татварын тухай хуулиар бүх төрлийн согтууруулах ундаа, тамхи, автобензин, дизелийн түлш, суудлын автомашин болон төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа техник хэрэгсэл, тоног төхөөрөмжид ногдуулах онцгой албан татварын хэмжээг ам.доллараар, Ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг мөн ам.доллараар тогтоосон аж. Үүнээс болж ам.долларын ханш өсөх үед аж ахуйн нэгжүүдийн татварын ачаалал нэмэгдэж, ханш буурах үед төсвийн орлогын эх үүсвэрт сөрөг нөлөө үзүүлсээр байгаа аж. Тиймээс ам.доллараар тогтоосон онцгой албан татварыг төгрөгөөр ногдуулах хуулийн төслүүдийг боловсруулжээ.

Эдгээр хуулиуд батлагдсанаар хууль хоорондын зөрчил арилж, аж ахуйн нэгжүүдийн татварын дарамт өсөхгүй гэж Сангийн сайд хэллээ. Мөн аж ахуйн нэгжүүдийн төлбөл зохих татвар, төлбөрийн хэмжээ, төсөвт төвлөрөх татварын орлогын хэмжээ ханшийн хөдөлгөөн дагаж хэлбэлзэхгүй хэмээсэн.

Төсвийн байнгын хороо дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Байнгын хорооны саналыг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15528
0 эможи
keyboard_arrow_up