Хөрөнгийн албан татварын тухай хуулийг дэмжлээ
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан 14.45 цагийн орчимд эхэлж Хөрөнгийн албан татварын тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслүүдээр санал хурааж, гишүүдийн 70 гаруй хувь нь дэмжсэнээр “Хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.
Хөрөнгийн албан татварын тухай хуулийн төсөлд орон сууц, буу, малын хөлийн, автомашины татвар багтаж байгаа юм. Орон сууцны татварыг гурав буюу түүнээс дээш байртайд ногдуулахаар, ингэхдээ татварын хэмжээг аймаг, нийслэлийн ИТХ нь иргэдтэйгээр зөвшилцөж тогтоохоор заасан бол бууны албан татварыг маркаас нь хамааруулж 50.000-100.000 хүртэл төгрөгийн татвар ногдуулах юм. Малын хөлийн татварыг хонин толгойд шилжүүлж аймаг, нийслэл, сумын ИТХ-аас 1000 хүртэл төгрөг байхаар тогтоох бол автомашины татварыг цилиндрийн багтаамжаас нь хамааруулж татвар ногдуулахаар тусгасан юм.
Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2015 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай, Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэж эхлээд байна. Энэ хуулийн хүрээнд хүүхдийн мөнгийг зорилтот бүлэг хамруулахаар тусгаад буй.