Хөрөнгийн албан татварын хувь хэмжээг орон нутгийн Иргэдийн хурал тогтооно

2015 оны 1 сарын 10

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.01.10.Бямба гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөрөнгийн албан татварын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг нар танилцуулсан юм.

Одоогийн мөрдөж буй хуулиар Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн өмчилж буй үл хөдлөх хөрөнгө, автотээврийн хэрэгсэл, буунд тус тусын хуулиар татвар ногдуулдаг. Мөн малын тоо толгойд ногдуулах албан татварын харилцааг Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар зохицуулдаг. Энэ нь дээрх нэр төрлийн татварыг харилцан адилгүй зарчмаар ногдуулж, өөр өөр хугацаанд төлж, тайлагнах, татварын албатай олон дахин харилцах зэрэг хүндрэл бий болгож байгаа аж. Иймээс татварын хуулийг төрөлжүүлэх, хэрэгжилтийг нь хялбаршуулах зорилгоор иргэн, аж ахуйн нэгжийн хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгө, буу, мал болон автотээвэр, өөрөөр явагч хэрэгсэлд ногдуулдаг татварыг нэгдсэн байдлаар зохицуулахаар Хөрөнгийн албан татварын тухай хуулийг боловсруулжээ.

Сангийн сайд Ж.Эрдэнэбат хуулийн төслийн талаарх танилцуулгадаа, Хөрөнгийн албан татварын тухай хуулийн төслөөр татварын хувь хэмжээг тогтоох орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх бөгөөд татварын орлогод өөрчлөлт оруулахгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухайд орон сууцыг үл хөдлөх хөрөнгийн албан татвараас чөлөөлж ирсэн. Гэвч зарим иргэдийн хувьд орон сууцыг амьдран суух зориулалтаар бус ашиг олох зорилгоор өмчилж, түрээсийн хөлсний байрууд ихэсч, үүнд зөвхөн амьдран суух бус бизнесийн зорилгоор байр түрээслэх нь нэмэгдэж байна. Иймд иргэний хувийн өмчлөл дэх 2 орон сууцыг албан татвараас чөлөөлж, 3 буюу түүнээс дээш хэсэгт нь татвар ногдуулахаар тусгасан.

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийг 1992 онд баталсан бөгөөд тухайн үед ашиглагдаж байсан автотээврийн хэрэгслийн төрөл, ангилал, хүчин чадлаар тооцон албан татвар ногдуулж байгаа нь өнөөгийн эдийн засаг тэлсэн, техник, технологийн өндөр өсөлтийн үетэй нийцэхгүй байна. Иймд тансаг хэрэглээний шинжтэй бөгөөд нүүрсхүчлийн хий ихээр ялгаруулдаг, өндөр цилиндр бүхий автотээврийн хэрэгслийн ангиллыг тодорхой болгохыг зорьсон. Түүнчлэн Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймгийн төвийн сумдын суудлын автомашинд ногдуулах татварын хэмжээг тогтоох орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх болон автотээврийн хэрэгслийн татвар төлөх хугацааг тухайн аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал шийдвэрлэх эрхтэй байх юм.

1993 онд батлагдсан Бууны албан татварын тухай хуулийн зохицуулалтыг өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд нийцүүлэн сайжруулах шаардлагатай байна. Одоогийн мөрдөж буй хуулиар буунд ногдох жилийн албан татвар 4000-6000 төгрөг байгаа юм. Энэ татварын хувь хэмжээнд 1997 оноос хойш өөрчлөлт ороогүй тул улс орны эдийн засгийн өөрчлөлт, инфляцын түвшин зэрэгтэй уялдуулан татварын хувь хэмжээг өөрчлөх, түүнчлэн галт зэвсэг нь хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах, хөнөөх чадвар бүхий тусгай хэрэгсэл учир бууг эзэмшиж буй этгээдийн хариуцлагыг өндөржүүлэх үүднээс татварын хэмжээг өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн.

Малын тоо толгойд ногдуулах татварыг түүний шинж чанарыг харгалзан Хөрөнгийн албан татварын төрөлд оруулах шаардлагатай байгаа юм. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу малчин өрх, мал бүхий этгээдэд малын тоо толгойд татвар ногдуулж байсныг малчдыг татварын бодлогоор дэмжих зорилгоор 2009 оноос эхлэн чөлөөлсөн. Гэвч мал тооллогын судалгаагаар малчин өрхөөс гадна аж ахуйн нэгжүүд, гадаадын иргэд мал өмчилж, түүний ашиг шимийг хүртэж байна. Иймээс таван хошуу мал өмчилж байгаа иргэн, аж ахуйн нэгжид малын тоо толгойноос хамаарч татвар ногдуулах бөгөөд энэ нь 1 хонин толгойд ногдох албан татварыг жилд 0-1000 төгрөгийн хооронд байхаар тооцож тухайн аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоохоор тусгасан гэлээ.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Су.Батболд, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, С.Дэмбэрэл, Л.Энх-Амгалан, Ж.Батзандан, С.Оюун, Б.Болор, Д.Сарангэрэл, Г.Баярсайхан, С.Бямбацогт, Н.Батцэрэг, Д.Ганбат нар асуулт асууж тодруулав.

Сангийн сайд Ж.Эрдэнэбат гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Хөрөнгийн албан татварын хуулийн төсөлд тусгагдсан дээрх нэр төрлийн албан татваруудаас Сангийн яам ямар ч мөнгө авахгүй. Эдгээр татварыг тогтоох эсэх, хэрэв тогтоовол ямар хувь хэмжээтэй байхыг орон нутаг өөрсдөө шийдвэрлэх эрхтэй байх юм. Үндэсний статистикийн газраас хийсэн тооллогын дагуу 2014 оны эцсийн байдлаар манай улс нийт 51.9 сая малтай гэж тоологдсоноос хонин толгойд шилжүүлж үзэхэд нийт 86.8 сая болж байна. Жилд 1 хонин толгойд ногдох татварыг 100 төгрөг байхаар тооцож үзвэл 6.4 тэрбум төгрөгийн орлого орон нутагт төвлөрөх боломжтой хэдий ч татварын доод хязгаарыг "0” байхаар тооцсон тул нэмж орлого орохоор төлөвлөөгүй. Таван хошуу малыг хонин толгойд шилжүүлэхдээ Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар тодорхойлж байсан итгэлцүүрийг ашигласан. Судалгаанаас үзэхэд манай улсад 209 мянган малчин өрх байна. Энэ хуулийн төслөөр малчин өрхийн нэг гишүүнд ногдох хонин толгойд шилжүүлснээр 50 хүртэлх малыг татвараас чөлөөлнө. Ингэснээр малтай нийт өрхийн 60 хувь нь малын хөлийн татвараас чөлөөлөгдөхөөр байгаа гэдгийг хэллээ.

Хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлсэн УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, Р.Бурмаа, Р.Гончигдорж нар төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа хэлсэн бол УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Д.Сарангэрэл, З.Баянсэлэнгэ нар хуулийн төслийг дэмжих боломжгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм. Ингээд хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулах байсан ч гишүүдийн ирц хангалтгүйгээс хуралдаан даргалагч чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааныг завсарлуулав.

Чуулганы нэгдсэн хуралдаан 14 цагаас эхэлж, Хөрөнгийн албан татварын тухай хуулийг төслийг хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулах юм .

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15497
0 эможи
keyboard_arrow_up