Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийг өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцэнэ
Улсын Их Хурлын чуулганы өчигдөрийн /2015.01.09/ үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх, эсэх асуудал үргэлжилж, Байнгын хорооны саналаар хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналаар санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодод шилжүүллээ.
Үүний дараа Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн/ -ийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг нар танилцууллаа.
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд “Нийслэл хот бие даасан төсөвтэй байна”, “Нийслэл хот татвартай байна, татварыг хуулиар тогтооно” гэж заасан байдаг бол Татварын ерөнхий хуулиар нийслэл хотын албан татвар нь орон нутгийн татварт хамаарахаар тус тус заасан боловч нийслэл хотын албан татварын тухай хууль өнөөг хүртэл батлагдаагүй байгаа аж.
Татварыг орлогод, хөрөнгөд болон хэрэглээнд гэсэн 3 үндсэн зүйлд ногдуулдаг байна. Эдгээрээс хотын татварыг ногдуулах хамгийн зохистой зүйл бол хэрэглээ буюу хотын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ юм байна. Дэлхийн орнуудын дээрх туршлагад үндэслэн төвлөрлийг сааруулах, орон нутгийг хөгжүүлэх, эрүүл мэнд, боловсролын салбарын үйлчилгээний чанарыг сайжруулах гэх мэт хотын өдөр тутмын амьдралд тулгарч буй олон асуудлыг эдийн засгийн аргаар шийдвэрлэх зорилгоор нийслэл хотод бизнес эрхэлсэн бол энэ төрлийн татварыг ногдуулдаг байхаар хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөлд нийслэл хотын албан татварыг албан татвар суутгагчийн борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд ногдуулахаар тусгасан байна. Түүнчлэн Нийслэл хотын албан татварын хувь, хэмжээг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 0-1.0 хувийн хязгаарт багтаан батлахаар төсөлд тусгажээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдийн тавьсан асуултад Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Нийслэлийн дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар хариулт өгөв. Мөн хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж, Г.Баярсайхан, Д.Ганхуяг нар хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлж өөрсдийн байр сууриа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ч.Хүрэлбаатар, Д.Хаянхярваа нар дэмжих боломжгүй гэж үзэж тайлбар өгсөн юм.
Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж, хууль батлагдаж гарснаар нийслэлд оршин суудаг энгийн иргэд татварын ямар нэгэн дарамтад орохгүй байхаар асуудлыг шийдэх ёстой. Хуулийн төсөлд тусгасан тодорхойгүй байгаа зүйлсийг тодорхой болгож ялгаж, салгаж өгөх хэрэгтэй гэсэн байр сууринаас хандсан бол Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ, нийслэлийн иргэдэд татвар оногдуулахтай холбоотой асуудал төдийгүй таван төрлийн татвар авахаар оруулж ирсэн энэ хуулийн төсөлд эсрэг байр суурьтай байгаа. Ямар нэгэн байдлаар татвар нэмэгдүүлэх тухай асуудал ярих нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, хүн бүрт дарамт учруулдаг. Эдийн засгийн хямралтай, хүндрэлтэй нөхцөл байдалтай байна гэж ярьж байгаа хэрнээ нөгөө талдаа татвар нэмэгдүүлнэ гэх нь буруу. Хөдөлмөрчдийн орлогыг танаж биш нэмж, тансаг хэрэглээг багасгаж хямралаас гарья гэж иргэдийн жагсаал цуглаан хийж байгаа нь зөв. Нийслэлийн болоод бусад татварыг нэмэхгүйгээр сайд, дарга нарын тансаг хэрэглээг хасахад ямар хэмжээний хэмнэлт гаргаж болох нь тодорхой байгаа. 2008 онд том оврын автомашинаас татгалья гэсэн уриа гараад таг болсон. Өнөөдөр сайд нар бүгд “Lexus-570” унаж байна. Цаашилбал аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нар болон бүр сумын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн дарга нар том оврын “жип” хөлөглөж байна. Эндээс харахад том оврын автомашины ашиглалтын хугацаанд ямар их зардал гардаг болохыг бид нар мэднэ. Цаашилбал өрөө тасалгаа, гадаад, дотоод томилолт гээд хасаж танах хэрэглээгээ багасгах хэрэгтэй. Улсын Их Хурлын гишүүд бүгдээрээ улсаас машин унадаггүй. Хувийнхаа машиныг ихэнх нь унаж байгаа. Ах нь дүүдээ үлгэрлэдэгтэй адил бусаддаа бид яагаад үлгэр дууриал үзүүлж болохгүй гэж. 1,5 -аас бага цилиндрийн хөдөлгүүр багтаамжтай машин унаад бүгдээрээ эхлэе л дээ. Ингэх бололцоо байна. Энэ уриалгыг гаргаад бүгдээрээ хөдөлгөөн болгоход болохгүй зүйлгүй гэв.
Ингээд гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа хуулийн төслийг хэлэлцэх, эсэх санал хураалтыг маргаашийн чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэхээр тогтож өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөв.