Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжсэнгүй

2015 оны 1 сарын 09

 УИХ-ын 2014 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.01.09.Баасан гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 11 цагт 51.3 хувийн ирцтэй эхлэв.

УИХ-ын дарга чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асууудлыг танилцуулж батлуулсны дараа Засгийн газраас санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн Мөрдөх албаны тухай, Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай, Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Өршөөл үзүүлэх тухай, Галт зэвсгийн тухай, Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тахарын албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Засгийн газар татан авч буйг мэдэгдэв.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлдээ, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д заасны дагуу Улсын Их Хурлын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар "Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай” хуулийг баталсан. Тус хуулийн зорилт нь дунд хугацаанд Монгол Улсын нэгдсэн төсвийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бөгөөд дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн үндсэн үзүүлэлтүүдийг Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 7,201.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 29.4 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг 7,690.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31.4 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 489.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 2.0 хувь байхаар тус тус баталсан.

Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас Монгол Улсын 2014 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэл төлөвлөснөөс 1.0 их наяд гаруй төгрөгөөр буурахаар байгаа бөгөөд 2015 онд ч эдийн засгийн нөхцөл байдал энэ оныхоос сайжрах төлөв байдал ажиглагдахгүй байгаа тул 2015 оны төсвийн орлогыг бодитойгоор тооцох, батлагдсан хэмжээг бууруулах шаардлагатай байгаа нь "Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны Төсвийн төсөөллийн тухай” хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагыг бий болгож байна. Мөн Хөгжлийн банк болон бусад банкаар дамжин хэрэгжүүлэх төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй төсөл, арга хэмжээний санхүүжилтийг төсөвт тусгах болон улсын өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг үе шаттайгаар бууруулж ДНБ-ий 40 хувьд хүргэх шаардлага байна.

Иймд 2015 оны дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлээр батлагдсан төсвийн орлогыг бодитойгоор дахин төлөвлөх, урсгал болон хөрөнгийн зардлыг орлоготойгоо уялдуулан дахин тооцох, Хөгжлийн банкаар дамжин хэрэгжүүлэх төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй төсөл, арга хэмжээний санхүүжилтийг төсөвт тусгах, улсын өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг үе шаттайгаар бууруулах зорилгоор Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан тухайгаа танилцуулав.

Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Төсвийн байнгын хороо энэ сарын 6-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг дэмжсэн тухай тус байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг танилцуулсан юм.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Л.Энх-Амгалан, С.Оюун, Б.Бат-Эрдэнэ, Ч.Хүрэлбаатар, Д.Дэмбэрэл, Ж.Батсуурь нар төсөл санаачлагчаас асуулт асууж тодруулав. Харин хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлсэн УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Г.Баярсайхан, Л.Энх-Амгалан нар төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, С.Дэмбэрэл, Ц.Нямдорж нар хэлэлцэхийг дэмжих боломжгүй гэдгээ хэллээ.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар шийдвэрлэдэг хуулийн заалттай. Иймээс Монгол Улсын 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн Төсвийн байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 53 гишүүний 28 нь буюу 52.8 хувь нь дэмжиж хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрын дэмжлэг авч чадсангүй. Иймээс Төсвийн тогтвортой байдлын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг Засгийн газарт буцаахаар болов. Харин чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 61.1 хувь нь Монгол Улсын 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15411
0 эможи
keyboard_arrow_up