2015 оны төсвийн хүрээний мэдэгдэлтэй холбоотой Хэн,Юу хэлэв?
Чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүдийн байр суургийг хүргэж байна.
Гишүүн Б.Бат-Эрдэнэ: Бид оргил үедээ 4,7 тэрбум ам.доллар олж байсан
Өрийн хязгаарыг нэмэгдүүлэхгүй гэж байсан. Уг нь хуулиа албан тушаалтнууд УИХ-д бүрэн мэдээлэл өгөх ёстой. Хамтраад Засгийн газар байгуулах үед өрийн хязгаар яагаад нэмэгдсэнийг асууж байсан. Өр авлага, Чингис бонд зэрэг асуудлаа зохицуулах хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар өрийн хэмжээ 11,8 их наяд төгрөг. Энэ нь ДНБ-ний 55 хувь тэнцэж байна. Улсын төсвийн алдагдал өндөр байгаа. Энэ онд ямар ч зээл авахгүйгээр тооцоолоход өрийн хэмжээ ДНБ-ний 58 хувьд хүрнэ. Ипотекийн зээл хэрэгжүүлснээс хойш иргэдийн хэрэглээ буурсан. Хэрэглээ буурснаас эдийн засаг дахь эргэлт багассан. Өрийн удирдлагын тухай хууль өргөн баригдаагүй байгаа. Нэгэнтээ батлагдаагүй байгаа учраас энэ зээлийн асуудал тусгаагүй. Манай улсын эдийн засаг маш жижиг. Тиймээс 7 хувийн өсөлт гэдэг нь 1,5 их наяд төгрөгийн хэмжээний. Энэ нь өөрөө эдийн засагт өгөөж өгч чаддаггүй. Тийм учраас эдийн засаг хүндэрсэн гэж байгаа. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 600 сая доллар байгаа. Энэ нь гадаадын томоохон компанийн нэг өдрийн орлого шүү дээ. Бид оргил үедээ 4,7 тэрбум ам.доллар олж байсан.
Гишүүн Ч.Хүрэлбаатар: Бид Чингис бондын бүх гэрээг авч үзмээр байна
-Эдийн засаг муу багаа нэрийдлээр төсвийн орлогыг 905 тэрбум төгрөгөөр хаслаа. Дээр нь таван төрлийн татвар авна гэнэ. Өрийн бичгийг авахад нэмнэ гэнэ. Энэ нь хямралын үед маш буруу мессэж өгч байна. Гэтэл эдийн засгийн өсөлт нь яг хэвээрээ. Үүнийгээ яаж засах юм бэ? 7,1 хувийн өсөлт гарахгүй. Төсвийн хүрээний мэдэгдлийн тоонууд худлаа. Хөрөнгө оруулалтын зардлыг 210 тэрбум төгрөгөөр худлаа тооцжээ.
-Өмнө батлагдсан төсвийн хүрээний мэдэгдэл дээр эдийн засгийн өсөлт 10 хувь байсан. Харин өнөөдөр 7,1 хувь гэж тооцоолсон. Эдийн засгаа өсгөхийн тулд Засгийн газар ажиллах ёстой. Ямар ч байсан үйл ажиллагаагаа эхлүүлсэн аж ахуйн нэгжийн санхүүжилтийг олгоно гэж тооцсон.
Бид Чингис бондын бүх гэрээг авч үзмээр байна. Яг юунд яаж зарцуулж байгаа гэдгийг тодорхой болгосны дараа дахин өр зээл авах асуудлаа шийдмээр байна.
Гишүүн Д.Дэмбэрэл: Алдагдал ихдээд байгаагаа сайн тайлбарлах хэрэгтэй
Алдагдал ихдээд байгаагаа сайн тайлбарлах хэрэгтэй. Бид ямар ч тохиолдолд хоёр хувь дээрээ барьсаар ирсэн. Бид төсвийг үнэхээр сайжруулъя, тогтвортой болгоё гэсэн үүднээс Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өргөн барьсан. Гэхдээ өнөөдрийн өргөн барьсан төсөл бол муу хувилбар байна. Чингис, Самурай бондын өр тавьж авсан үр ашиг бидэнд алга. Томоохон орд болох Оюутолгой, Тавантолгойн төслийг шийдэх хэрэгтэй. Засгийн газартаа УИХ хөтлөгдөж болохгүй. Өрийн асуудлыг хялбархан гаргах нь буруу. Бид эхлээд бизнес эрхлэгчдээ бодох ёстой гэсэн зарчим барьсан. Өр ДНБ-ний 55 хувь дээр иржээ. Цаашдаа ДНБ 7 хувьд өсөөд, Засгийн газар болон орон нутагт нэг ч төгрөгийн зээл авахгүй, төсвийн алдагдлаа санхүүжүүлэх 900 тэрбум төгрөгйин бондоо гаргахад өрийн хэмжээ 58 хувьд хүрнэ гэж тооцоолоод байгаа юм.
Гишүүн Ж.Батсуурь: Шийдвэрлэж чадахгүй асуудлуудаа хойшлуулах тусам хүндэрсээр эрсдэлд ороод байна
Цаг хугацаа өнгөрөх тусам бид хүндрэл рүү явж байна. Өрийн удирдлагын тухай хууль гэхэд яригдаад жил гаруй боллоо. Өрийн хэмжээ ДНБ-ний 40 хувьд байхаар ойлголцоод явчих хэрэгтэй. Татвараа төлөөд, хуулиа мөрдөөд явж байсан хүмүүс нь Татварын өршөөлийн хууль гарчихвал хохирох уу. Эсвэл төлсөн татварыг нь буцаагаад өгчих үү. Айл өрх бүрт хүлээлт үүсгээд байна шүү.Эдийн засгийн ил тод байдлын тухай, Татварын өршөөлийн тухай хууль яригдаж байгаатай холбоотойгоор зарим аж ахуйн нэгжүүд татвараа төлөхгүй байна гэсэн яриа байгаа. Нэг хэсэг нь татвараа төлөхгүй явж байгаа өршөөгддөг гэсэн зүйл байхгүй. Зөвхөн хууль хяналтын байгууллага дээр асуудал үүссэн тохиолдолд татварын өршөөлд хамруулах юм. Улсын төсөвт хэрэгтэй гээд эхлүүлсэн ажлыг дараалал гаргахгүйгээр жигд хэрэгжүүлнэ.
Ийнхүү гишүүд асууж асууж дууслаа. Одоо саналаа хэлж байна. Дараагаар нь 2015 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулах юм.
Гишүүн Ө.Энхтүвшин: Харилцан итгэлцэл, хамтын найрсаг харилцааны тухай гэх гоё нэртэй хоёр намын хамтарсан гэрээ хэлцэл дээр өрийн босгыг нэмэхгүй гэж тохирсон. Өр тавихгүй, нэмэхгүй л бол өөр боломж харагдахгүй байна гэж байна. Яг ингэж өр тавиад байснаасаа болоод Тажекистан улс өөрийн нэгэн районоо Хятад улсад өгч байна. Гадныхан хувийн хэвшилд зээл өгөх гээд байгаа юм гэдгийг нь ойлголоо. Тэгвэл яг ямар компаниад гаднын ямар компаниас хөрөнгө оруулалт хийнэ гээд байгаа юм бэ. Өр гэдгээс засгийн газрын баталгааг хасчих тухай ч ярьж байна. Ингэвэл өрийн хэмжээ ДНБ-ийн 30 гаруй хувьд хүрэх юм шиг байна. Гэвч ийм зүйл байж болохгүй шүү.
Сангийн сайд Ж.Эрдэнэбат: Өнөөдрийн өрийн хэмжээ маань ДНБ-ий 55 хувьтай байгаа. ДНБ-ий хэмжээ 26,1 их наяд байна.Өрийн босго 70 хувьд хүргэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдэгдсэн. Энэ дагуу нь оруулж ирж байгаа” гэв. Мөн “Бонд улсын өрөнд нэмэгдэж байгаа. Чингис бондоос 700 тэрбумийн үлдэгдэл бий. Үүнээс хийх ажил нь тодорхой болчихсон юм.
Гишүүн Л.Энх-Амгалан: 2016 онд зээлийн эргэн төлөлтүүд эхэлнэ. 2017 оноос бондын эргэн төлөлтүүд эхэлнэ. Энэ бүхнийг тооцсон, эдийн засгийн өсөлтийг ямар бодлого хөтөлбөрөөр хангах нь тодорхой бус байна. Инфляцийн түвшинг ирэх гурван жилд 7 хувь байна гэж байгаа нь ямар үндэслэл тооцоон дээр суурилсан юм бэ” гэв. Үүнд Сангийн сайд Ж.Эрдэнэбат “Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш сүүлийн үед унаж байгаа. Иймд эдийн засгийн өсөлтөө хэт өөдрөг төсөөлөөгүй. Үйлдвэрлэл үйлчилгээ сэргээд ирвэл үүнээс доош бууж ч болно.
Гишүүн С.Оюун: Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна гэсэн хэрнээ яагаад 7 хувийн өсөлттэй болно гээд байгаа юм бэ. Энэ өсөлт ямар салбаруудаас бүрдэх вэ? Үүний талаар сангийн сайд тодорхой тайлбар өгөөч.
Сангийн сайд Ж.Эрдэнэбат: Өмнө нийт өсөлтийн 70 хувийг уул уурхайн салбар эзэлж байсан
Үүний хамаарлыг бууруулж, бусад салбарын үйл ажиллагааг дэмжих бодлого барьсан. Эхний улирал хүртэл барилгын болон худалдааны салбаруудад эерэг үзүүлэлтэй гарч байсан бол сүүлийн үед бууралттай болсон. 7 хувийн өсөлтийнхөө 2 хувийг нь уул уурхайгаас, үлдсэн өсөлтийг бусад, тухайлбал хөдөө аж ахуйн салбараа дэмжсэнээр нөхөх болно.Манайх шиг жижиг эдийн засагтай улсад 7 хувийн өсөлт гэдэг нь тийм ч өндөр өсөлт биш. Харин том эдийн засагтай улсын хувьд 3 хувийн өсөлт гэхэд л маш их хэмжээний өсөлт болдог.
Гишүүн Ц.Нямдорж: Би хуулийг дэмжихгүй байна.