Улсын бүртгэлд цахимаар бүртгүүлэх боломжтой болно
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Энэ хуулийн төслийн гол агуулга нь улсын хэмжээнд хуулийн этгээдийн бүртгэлийн нэгдсэн систем бүрдүүлэхэд чиглэж байгаа юм байна. Хууль батлагдсанаар хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээлэл ил тод болохын зэрэгцээ шат дамжлага цөөрч чирэгдэл багасна. Өмнө нь хуулийн этгээдийн улсын бүртгэл хийлгэхэд 12 бичиг баримт бүрдүүлж найман шат дамжлагаар орж тав хоног зарцуулдаг байсан. Харин хууль батлагдсанаар улсын бүртгэлд цахимаар бүртгүүлэх, иргэд цахимаар мэдээлэл авах, төрийн байгууллагууд хуулийн этгээдтэй холбоотой мэдээллийг цахимаар солилцох боломжтой болох нь. Иргэдэд учрах хүндрэл чирэгдэлийг багасгаж, бүртгэлийг цахимжуулах нь хуулийн гол онцлог болж байгааг санаачлагч гишүүд хэлж байсан юм. Байнгын хорооны гишүүдийн олонхи дэмжсэн.