Төсвийн байнгын хороо долоон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

2015 оны 1 сарын 07

УИХ-ын Төсвийн байнгын хороо өчигдөр /2015.01.06/ үдээс хойш хуралдан долоон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхний хэлэлцсэн асуудал нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудал байлаа.

 

Төслүүдийн талаар Сангийн сайд Ж.Эрдэнэбат танилцуулав.

Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас 2015 онд эдийн засгийн нөхцөл байдал сайжрах төлөв байдал ажиглагдахгүй байгаа тул төсвийн орлогыг бодитойгоор тооцох, батлагдсан хэмжээг бууруулах шаардлага нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны Төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагыг бий болгож байгааг Сангийн сайд хэлсэн.

Мөн Хөгжлийн банк болон бусдаар дамжин хэрэгжүүлэх төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй төсөл, арга хэмжээний санхүүжилтийг төсөвт тусгах болон улсын өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг үе шаттайгаар бууруулж ДНБ-ий 40 хувьд хүргэх шаардлага байгаа аж. Иймд 2015 оны дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлээр батлагдсан төсвийн орлогыг бодитойгоор дахин төлөвлөх, урсгал болон хөрөнгийн зардлыг орлоготойгоо уялдуулан дахин тооцох, Хөгжлийн банкаар дамжин хэрэгжүүлэх төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй төсөл, арга хэмжээний санхүүжилтийг төсөвт тусгах, улсын өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг үе шаттайгаар бууруулах зорилгоор Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Төслүүдийн танилцуулгатай холбогдуулан гишүүд Сангийн сайдаас асуулт асууж, хариулт авсан. Мөн Л.Энх-Амгалан, Д.Дэмбэрэл нарын гишүүд байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзлээ.

Үүний дараа Онцгой албан татварын тухай болон Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдсэн юм.

Төслийн талаар Сангийн сайд Ж.Эрдэнэбат гишүүдэд танилцуулав. Татварын ерөнхий хууль, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулиар Монгол Улсад татварыг төгрөгөөр ногдуулж, төлөхөөр заасан байдаг.

Гэтэл Онцгой албан татварын тухай хуулиар бүх төрлийн согтууруулах ундаа, тамхи, автобензин, дизелийн түлш, суудлын автомашин болон төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа техник хэрэгсэл, тоног төхөөрөмжид онцгой албан татварын хэмжээг ам.доллараар, Ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг ам.доллараар тогтоожээ. Улмаар ам.долларын ханш өсөх үед аж ахуйн нэгжүүдийн татварын ачаалал нэмэгддэг бол ханш буурах үед төсвийн орлогын эх үүсвэрт сөрөг нөлөө үзүүлж байгаа аж.

Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, ам.доллараар тогтоосон онцгой албан татвар, тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг төгрөгөөр тогтоох зорилгоор Онцгой албан татварын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Эдгээр хуулиуд батлагдсанаар хууль хоорондын зөрчил арилж, аж ахуйн нэгжүүдийн татварын дарамт өсөхгүй болж, аж ахуйн нэгжүүдийн төлбөл зохих татвар, төлбөрийн хэмжээ, мөн төсөвт төвлөрөх татварын орлогын хэмжээ ханшийн хөдөлгөөн дагаж хэлбэлзэхгүй тогтвортой болно гэж Сангийн сайд хэллээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжлээ.

Мөн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн 25 хууль, 1 тогтоолын төслийг хэлэлцэх эсэх тухай байлаа.

Төслүүдийн талаар Сангийн сайд Ж.Эрдэнэбат танилцуулсны дараа УИХ-ын гишүүн Ч.Улаан, Эдгээр төслүүд нь төсвийн тодотголыг дагалдан орж ирж байгаа. Бид төсвийн тодотголоо хэлэлцэх нь тодорхой болохоор дагалдан орж ирсэн төслүүдийг өнөөдөр хэлэлцэхийг дэмжээд, анхны хэлэлцүүлэг хийх явцдаа ярилцан тодруулаад явья гэсэн горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Энэ горимоор Хөрөнгийн албан татварын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн дагалдан өргөн мэдүүлсэн Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2015 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай, Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг дэмжсэн юм.

Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг энэ өдрийн хуралдаанаар мөн хэлэлцсэн юм.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд “Нийслэл хот бие даасан төсөвтэй байна”, “Нийслэл хот татвартай байна, татварыг хуулиар тогтооно” гэж заасан байдаг бол Татварын ерөнхий хуулиар нийслэл хотын албан татвар нь орон нутгийн татварт хамаарахаар тус тус заасан боловч нийслэл хотын албан татварын тухай хууль өнөөг хүртэл батлагдаагүй байгаа аж. Дэлхийн ихэнх улс орнууд, тэр дундаа АНУ, Япон, Солонгос зэрэг улсуудын хувьд хотын татварыг төрөлжүүлэн авдаг бөгөөд хотын татвар нь худалдааны, оршин суугчийн, хот төлөвлөлтийн албан татвар гэсэн төрөлтэй, зарим тохиолдолд хотын албан татварын тусгайлсан хуулиар зохицуулагддаг ажээ.

Татварыг орлогод, хөрөнгөд болон хэрэглээнд гэсэн 3 үндсэн зүйлд ногдуулдаг байна Эдгээрээс хотын татварыг ногдуулах хамгийн зохистой зүйл бол хэрэглээ буюу хотын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ юм байна. Дэлхийн орнуудын дээрх туршлагад үндэслэн төвлөрлийг сааруулах, орон нутгийг хөгжүүлэх, эрүүл мэнд, боловсролын салбарын үйлчилгээний чанарыг сайжруулах гэх мэт хотын өдөр тутмын амьдралд тулгарч буй олон асуудлыг эдийн засгийн аргаар шийдвэрлэх зорилгоор нийслэл хотод бизнес эрхэлсэн бол энэ төрлийн татварыг ногдуулдаг байхаар хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөлд нийслэл хотын албан татварыг албан татвар суутгагчийн борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд ногдуулахаар тусгасан байна.

Нийслэл хотын албан татварын хувь, хэмжээг нийслэлийн ИТХ-аас 0-1.0 хувийн хязгаарт багтаан батлахаар төсөлд тусгажээ. Гишүүд дээрх хуулийн төсөлд засч сайжруулах, тодруулах зүйлс олон байгааг хэлж байлаа. Ингээд хэлэлцүүлгийн явцад нухацтай ярилцах нь зүйтэй гэж үзээд хэлэлцэхийг дэмжлээ. Хуралдааны төгсгөлд Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Ганхуягаар ахлуулан байгууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15191
0 эможи
keyboard_arrow_up