Хүний эрхийн дэд хорооны даргаар Ё.Отгонбаярыг сонгов

2015 оны 1 сарын 06

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо шинэ оны анхны хуралдаанаа өнөөдөр /2015.01.06/ үдээс хойш хийж, хоёр асуудал хэлэлцэхээр тогтов.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Батзандан хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх явцад олонхын дэмжлэг авсан болон гишүүдээс гаргасан найруулгын чанартай саналуудыг нэгтгэн тусгаж төслийн эцсийн хувилбарыг бэлтгэсэн талаар Байнгын хорооны гишүүдэд танилцуулсан юм.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Оюунбаатар нар асуулт асууж тодруулав. Ажлын хэсгийн ахлагч Ж.Батзандан гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, энэ хуулийн гол зорилго нь улсын хэмжээнд хуулийн этгээдийн бүртгэлийн нэгдсэн систем бүрдүүлэхэд чиглэж байгаа. Уг хууль батлагдсанаар хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээлэл ил тод болохын зэрэгцээ шат дамжлага цөөрч чирэгдэл багасна. Өмнө нь хуулийн этгээдийн улсын бүртгэл хийлгэхэд 12 бичиг баримт бүрдүүлж 8 шат дамжлагаар орж тав хоног зарцуулдаг байсан бол шинэ хууль батлагдсанаар улсын бүртгэлд цахимаар бүртгүүлэх, иргэд цахимаар мэдээлэл авах, төрийн байгууллагууд хуулийн этгээдтэй холбоотой мэдээллийг цахимаар солилцох боломжтой болох юм гэдгийг хэллээ.

Харин төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан үг хэлсэн УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар улсын бүртгэлийн байгууллага нь хуулийн этгээдийн оноосон нэрээр тоглодог, үйлчлүүлэгчийн аль нэг талд орж үгсдэг явдлыг цаашид таслан зогсоох, аливаа асуудалд хариуцлагатай, шударгаар хандах, улсын бүртгэлийн ажилтнууд нь мэргэшсэн байх шаардлагатайг онцолж байв.

Ингээд УИХ-ын гишүүн Д.Ганбат Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн баригдсан Гэрээт харуул хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлийн 1 дэх заалт буюу 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн “мэдэгдэнэ” гэснийг “бүртгүүлнэ” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжив. Мөн уг хуулийн төслийг дагалдан өргөн баригдсан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжиж, энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.

Дараа нь Хүний эрхийн дэд хорооны даргыг сонгох тухай асуудал хэлэлцсэн юм. УИХ дахь МАН-ын бүлгээс тус дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэснийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулсан бол МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарыг нэр дэвшүүлж буйг тус бүлгийн дарга Н.Батцэрэг танилцуулав. Нэр дэвшигчдийн танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт гараагүй бөгөөд харин УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, Б.Бат-Эрдэнэ, Ө.Энхтүвшин нар үг хэлсэн юм.

Ингээд санал хураалт явуулахад УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувийн санал авч Хүний эрхийн дэд хорооны даргаар сонгогдлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15182
0 эможи
keyboard_arrow_up