Төсвийн байнгын хорооны хуралдааныг 15.00 цаг хүртэл хойшлууллаа
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2015.01.06/ хуралдаанаар найман асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч хуралдаан үдээс хойш 15.00 цаг хүртэл хойшиллоо. Энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, мөн Онцгой албан татварын тухай болон Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн 26 хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байсан юм. Түүнчлэн Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төсөл, Хөрөнгийн албан татварын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн дагалдан өргөн мэдүүлсэн Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2015 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай, Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслүүд хэлэлцэх асуудлын дараалалд багтаж байсан юм.
Хуралдаанаар хэлэлцэх асуудлаа батлах талаар хэлэлцэж эхлэх үед УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, МАН АН-тай хамтрахаар тохиролцож, Засгийн газрыг хамтран байгуулах үед тохиролцсон гурван үндсэн асуудлын нэг өрийн таазыг нэмэгдүүлэхгүй байх тухай байсан. Тухайн үед 49 хувь гэж байсан өрийн таазын хэмжээг 70 хувьд хүргэхээр төсөлд тусган оруулж иржээ. Тиймээс энэ асуудлаар намуудын болон бүлгүүдийн дарга нар, Ерөнхий сайд, Ажлын хэсэгт орж ажилласан гишүүд уулзан ярилцаж, гэрээний заалтаа эргэн харах хэрэгтэй. Түүний дараа 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон түүнийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулиудын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн М.Зоригт, төсвийн тодотголыг хэлэлцэх гэж байхад улстөрийн намуудын зөвшилцөл бүрэн дуусаагүй байна хэмээгээд намууд ярилцан, Засгийн газартай байр сууриа нэгтгэх хугацаа өгөн хэлэлцэх асуудлуудаа хойшлуулья гэсэн санал гаргасан. УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, өрийн асуудал зөвшилцлийн баримт бичигт тусгаснаас давчихаад байгаа учир хэлэлцэх асуудлыг хойшлуулах нь зүйтэй гэсэн бол УИХ-ын гишүүн Я.Санжмятав, өрийн асуудлаар намуудын бүлгүүд ойлголцоогүй байгаа учир хурлыг хойшлуулж, гарах гарцаа харах хэрэгтэй хэмээсэн. Гишүүд ийнхүү ярилцсаны эцэст байнгын хорооны дарга Б.Болор өрийн таазын асуудлаар зөвшилцлийн баримт бичигт тусгасан асуудлаар талууд ярилцах нь зүйтэй гэсэн саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд Байнгын хорооны хуралдааныг 15.00 цаг хүртэл хойшлууллаа.