“Талд ассан түймэр” цахим номын нээлт боллоо
Улсын Их Хурлын дарга З.Энхболд өчигдөр /2014.12.29/ “Талд ассан түймэр” цахим номын нээлтэд оролцлоо.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд тусгаар тогтнолын товчоон хэмээн онцолсон “Талд ассан түймэр” цахим номын нээлтэд хэлсэн үгийнхээ эхэнд монголчууддаа тусгаар тогтнолын баярын мэнд дэвшүүллээ. Мөн тэрээр 1900-1915 онд бидний эцэг өвгөд маань тусгаар тогтнолын төлөө тэмцэж, халуун амь бүлээн цусаа зориулж явсан түүхийг “Талд ассан түймэр” цувралын тэргүүн дэвтэрт харуулсан. УИХ-ын гишүүний нөр их ажлын хажуугаар түүхийн томоохон цуврал бүтээлийг туурвиж байгаа Ё.Отгонбаяр гишүүнд баяр хүргэе. Зохиогч энэ цувралыг нийтлэл хэлбэрээр бичжээ. Мөн цаг үетэйгээ нийцүүлэн, ном уншаад суух цаг зав багатай уншигчдад зориулан бүтээлүүдээ сонсдог CD хэлбэрээр гаргаж байна. Энэ нь монгол хүн бүр түүхийн мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд тус дөхөм болно гэж үзэж байна хэмээн онцолсон юм.
УИХ-ын гишүүн, бүтээлийн эзэн Ё.Отгонбаяр хэлсэн үгэндээ, 103 жилийн түүхтэй Монгол Улсын тусгаар тогтнолын үнэ цэнэ, утга учрыг залуу үеийнхэнд таниулах бүтээл бага байна гэж би үзсэн учраас 1900-1915, 1915-1924 оны түүхэн цаг үеийг өгүүлэх “Талд ассан түймэр” нэртэй цуврал бүтээлийг туурвиж байгаа. Түүхч Д.Өлзийбаатарын “Монголчууд” /цахим түүх/ бүтээлээс санаа авч, энэ номоо сонсдог хувилбартай болголоо. 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр олноо өргөгдсөн Монгол Улсыг тунхагласан түүхтэй. Ямар шалтгаанаар энэ өдрийг сонгон тусгаар тогтнолоо тунхагласныг сонирхон судалснаар түүхэн учир шалтгаантай, тухайн үеийн төрийн тэргүүнүүдийн мэргэн ухаан байсан гэдгийг мэдсэн. Ийм онцгой өдөр номынхоо нээлтийг хийж байгаадаа баяртай байна. Номын цагаан буян арвижих болтугай гэв.
Монгол Улсын тусгаар тогтнолоо тунхагласан 103 дахь жилийн ойн өдрөөр Богд хааны ордон музейд болсон “Талд ассан түймэр” цахим номын нээлтэд Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин, Г.Уянга болон эрдэмтэн судлаачид тэргүүтэй хүндэт зочид оролцлоо.