Монгол төрийн тамганы хөшөөнд цэцэг өргөв
Үндэсний эрх чөлөөний хувьсгалын түүхт 103 жилийн ой өнөөдөр /2014.12.29/ тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар Төрийн ордны хойно байрлах Монгол төрийн тамганы хөшөөнд цэцэг өргөлөө.
Монгол төрийн тамганы хөшөөг Их эзэн Чингис хааны хөшөө, Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөө цогцолборын бүрэлдэхүүн хэсэг болгон Төрийн ордны арын цэцэрлэгт босгосон юм. Монгол төрийн тамгыг бар бариултайгаар бүтээж, хөшөөний дөрвөн талд Их Монгол Улсын, Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын, 1924 онд Үндсэн хуулиар батлагдсан БНМАУ-ын, 1992 онд батлагдсан Үндсэн хуулиар тунхагласан Монгол Улсын төрийн тамгыг байрлуулжээ. Мөн тамганы хөшөөний суурь хэсэгт төрөө хүндэлж, сүслэн дээдэлж ирсэн монгол олон омгийн 168 тамгыг гантиг чулуун дээр цоолборлон бүтээсэн байдаг юм.
Цэцэг өргөх ёслолд Улсын Их Хурал, Засгийн газрын зарим гишүүд болон албаны бусад хүмүүс оролцлоо.