Х.Тэмүүжин: Та нарын хүссэнээр би өөрөө огцрохгүй ээ
УИХ дахь Хууль зүйн байнгын хороо өнөөдөр 14.00 цагт хуралдаж, УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн өргөн барьсан Засгийн газрын гишүүн Х.Тэмүүжинг огцруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэх байсан боловч хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Д.Ганбат уг хуралдааныг хойшлуулах горимын санал гаргаснаар хуралдаан хойшилсон юм. Тэрбээр “УИХ-ын гишүүд Хууль зүйн сайдыг огцруулах тухай энэ асуудлыг сайн судалж амжаагүй байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг салбараа хариуцан ажиллаж чадахгүй байгаа бөгөөд огцруулах хэд хэдэн үндэслэл байгаа хэмээн огцруулах бичигтээ дурдсан. Мөн хууль зөрчиж, хариуцлага алдсан, хариуцсан салбараа удирдах чадваргүй, Засгийн газрын гишүүний ёс зүйн шаардлагыг хангахгүй гэсэн үндэслэлээр огцруулах шаардлагаа хүргүүлээд байгаа юм.
Гэвч зарим хүмүүс үүнд эсрэг байр суурьтай байна. Учир нь Энэ Засгийн газрын нүүрийг тахалж байгаа ганц салбар бол хууль, шүүхийн салбар, тэр салбарын шинэтгэл. “Олон нийт ам сайтай, ид эрчээ аваад явж байгаа ажил бол тэр. Үүнийг аваад явж байгаа хүний талаар асуудал тавьж байгаад харамсч байна. Энэ асуудлыг тавьж байгаа улстөрчид яагаад Чингис бондын зарцуулалтын тайлан, Монголоос хөрөнгө оруулалтыг хөөж гаргасан хүмүүсийн асуудлыг ярихгүй байж, болж бүтэж байгаа ажлыг хувь хүний асуудалтай хутгаж тавиад байгаа юм бэ. Энэ ойлгомжгүй, цэвэр улс төр харагдаж байна” гэв.
Тэгвэл түүний эсрэг багийнхан ажиллагаагаа эрчимжүүлж, Х.Тэмүүжин сайдын нэг эмэгтэйтэй холбоотой талаар УИХ-ын гишүүдэд “Маш нууц” гэсэн бичиг тарааж байгаа сурагтай. Энэ нь өнөөдөр түүнийг огцруулах асуудалд хүч нэмэх гэсэн арга байж мэдэх юм. Гэтэл өнөөдөр твиттертээ Х.Тэмүүжин сайд дараах сэтгэгдлийг бичсэн байсан. “Над руу тавьсан сумны зэв нь О.Баасанхүү. Нум нь хаачив” хэмээн сууна.
Мөн түүний хамгийн сүүлд бичсэн нэгэн твит олны анхаарлыг татав. Тэрбээр “Хуулийн салбарын шинэчлэл эцэстээ нам дагасан улс төрийн бүлэг, банк дээрэмдсэн цагаан захтнууд, гэмт хэрэгтэнтэйгээ сүлбэлдсэн хуулийн ажилтнууд, хуулийн байгууллагаар хамгаалуулсан авлигачтай тэмцэхэд хүрч байна.
Төрийн өмчийг, улс төрийн намыг, Засгийн газрын яамдыг хувьчилж авсан шигээ хуулийн байгууллагыг авна гэж байгаа бол “Би тэдэнд үгүй” гэж хэлж байна. Та нарын хүссэнээр өөрөө огцрохгүйээ. Юу ч гэж гүтгэж доромжилсон сөрж зогсох л болно. Хүсч байгаа бол ил гараад товчлууруудаа дарцгаа” гэсэн байна.