Байнгын хороодын дарга нарыг сонгох тухай тогтоолыг баталлаа
Улсын Их Хурлын чуулганы өчигдөрийн /2014.12.25/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Буддын гүн ухаан судлаач, гавж Д.Нямсамбууг Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлсэн талаарх танилцуулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар, Засгийн газраас Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилуулахаар “Үлэмж эгшиглэн сан”-гийн зөвлөх Б.Золбаяр, Үндэсний дата төвийн захирал З.Энхболд нарыг нэр дэвшүүлсэн талаарх танилцуулгыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нар танилцуулав.
Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д заасны дагуу орон гарсан салбар болох эрх зүй, гадаад харилцаа, сэтгүүл зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудаас тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэхээр саналаа ирүүлэхийг Өдрийн сонин, Зар мэдээ болон нэр бүхий цахим хуудсуудаар сурталчлах ажлыг Төрийн байгуулалтын байнгын хорооноос зохион байгуулж, ирүүлсэн саналуудыг нэгтгэн чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэл хангаж ажилласан байна.
Нэр дэвшигчдийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийг томилохыг дэмжсэн байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад Б.Батбаярыг 82,1, Б.Золбаярыг 83,6, Д.Нямсамбууг 81,5, Д.Оюун-Эрдэнийг 83,3, Д.Цэндсүрэнг 85,2, Б.Энхмандахыг 83,3, З.Энхболдыг 83,3 хувийн саналаар тус тус дэмжиж томиллоо.
Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэв.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар нар танилцуулав.
Ингээд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Ж.Энхбаяр, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Су.Батболд, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар А.Бакей, Төсвийн байнгын хорооны даргаар Б.Болор, Эдийн засгийн байнгын хорооны даргаар Ж.Батсуурь, Нийгмийн бодлого, боловсрол шинжлэх ухааны байнгын хорооны даргаар Д.Батцогт нарыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар дэмжлээ. Харин Өргөдлийн байнгын хороо Байнгын хорооны даргад нэр дэвшигчийн саналаа оруулж ирж амжаагүй тул энэ удаад чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэнгүй.
Түүнчлэн чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” / Засгийн газар 2014.05.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, Гацууртын ордын тухай/ тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хууль санаачлагчийн илтгэлийг Уул, уурхайн сайд Р.Жигжид, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг танилцуулав.
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2013 оны 6 дугаар тогтоолын 7 дугаар зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор Хөшөөт, Цайдам нуурын нүүрс, Гацууртын алт, Халзан бүргэдэй, Угийн гол, Мушгиа худаг, Хотгор зэрэг газрын ховор элементтэй ордуудыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулах санал гарган Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Уг тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хорооны 2014 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэний дагуу Төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах бодлоготой нийцүүлэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтсон тул Улсын Их Хурлаас эргүүлэн татаж авсан. Засгийн газраас өмнө нь Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн 7 ордоос Халзан бүргэдэй, Угийн гол, Мушгиа худаг, Хотгор зэрэг газрын ховор элементтэй ордын хувьд тэдгээр нь бүрэн судлагдаж дуусаагүй, мөн баяжуулах, боловсруулах технологийн шийдэл тодорхойгүйгээс үр ашиг тооцох техник, эдийн засгийн үндэслэл боловсруулаагүй байгаа зэргийг харгалзан энэ удаагийн Улсын Их Хурлын тогтоолын төсөлд оруулахыг хойшлуулах, Хөшөөтийн нүүрсний ордын хувьд олон улсын хөрөнгийн биржтэй бүртгэлтэй хөрөнгө оруулагчид нь уг ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулах тал дээр санал нэгдээгүй, мөн орон нутгийн зүгээс хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах тохиролцоонд хүрснээр уг ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулахгүйгээр гэрээ байгуулан ажиллах саналыг ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зүгээс ирүүлсэн тул тогтоолын төслөөс хассан. Гацууртын алтны ордны хувьд тус ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Сентерра гоулд Монголиа” ХХК -ны зүгээс уг ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулахад татгалзах зүйлгүйгээ илэрхийлсэн гэдгийг хууль санаачлагч илтгэлдээ дурдлаа.
Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэллээ. Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжүүлэн хэлэлцэнэ.