Санхүүгийн зохицуулах хорооны дарга, дөрвөн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2014.12.25/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүдийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэж эхэлсэн. Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцсэн Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүдийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцсэн Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар танилцуулсан юм.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, тус хорооны орон тооны гишүүн Г.Хэрлэн, Б.Даажамба, орон тооны бус гишүүн Б.Лхагвасүрэн, Б.Батбаяр нар үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн бөгөөд дээрх хүсэлтийг хэлэлцээд Байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн юм.
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд Санхүүгийн зохицуулах хорооны даргад УИХ-ын дарга нэр дэвшүүлнэ хэмээн заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооны даргад З.Нарантуяаг нэр дэвшүүлснийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн билээ.
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11.2-т “Хорооны гишүүдэд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хоёр хүний, Хууль зүйн болон Төсвийн байнгын хороо, санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Монголбанкны Ерөнхийлөгч тус бүр нэг хүний нэр дэвшүүлж, Улсын Их Хурлаас томилно” хэмээн заасан байдаг. Хууль зүйн байнгын хорооноос орон тооны гишүүнд нэр дэвшүүлсэн Х.Бум-Эрдэнэ, Эдийн засгийн байнгын хорооноос орон тооны гишүүнд нэр дэвшүүлсэн Э.Батболд болон Сангийн сайд, Монголбанкнаас орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлсэн Ж.Цэдэнрагчаа, Д.Ганбат нарыг томилох асуудлыг Эдийн засгийн байнгын хороо хэлэлцээд санал нэгтэйгээр дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар нэгдсэн хуралдаанд танилцууллаа.
Үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, тус хорооны орон тооны гишүүн Г.Хэрлэн, Б.Даажамба, орон тооны бус гишүүн Б.Лхагвасүрэн, Б.Батбаяр нар чөлөөлөхийг дэмжсэн Байнгын хорооны саналыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.
Үүний дараа Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүдэд нэр дэвшигчдийн талаар танилцуулан, томилох санал хураалт явуулахаас өмнө гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлснээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүдэд нэр дэвшигчдийг томилох санал хураалтыг чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар явуулна.
Санхүүгийн зохицуулах хорооны даргад нэр дэвшигч З.Нарантуяа нь 1984-1991 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийг хуульч, эрхзүйч мэргэжлээр, 1997-1999 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг Санхүүч-эдийн засагч мэргэжлээр тус тус суралцан төгссөн байна. 1995 онд Эрхүү хотын Улсын их сургуульд эрх зүйн магистр, 2004-2005 онд АНУ-ын Нью Иорк хотод Колумбын их сургуулийн Олон улсын сургуульд олон улсын эдийн засгийн ухааны магистр цолыг тус тус хамгаалжээ.
З.Нарантуяа нь 1992-2006 онд Төв банк /Монголбанк/-нд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн захирлын үүрэг гүйцэтгэгч, газрын орлогч захирлаар, 2006-2010 онд “Монгол шуудан” банкны дэд захирал, “Хадгаламж” банкны Гүйцэтгэх захирлын орлогчоор, 2011-2012 онд “Парита энд Партнерс” хууль, хөрөнгө оруулалт, санхүүгийн зөвлөх компанийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирлаар ажиллаж байсан бөгөөд 2012 оноос УИХ-ын даргын Эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажиллаж иржээ.