О.Баасанхүү: УИХ-ын 76 дотор хамгийн чөлөөт гишүүн нь би байж магад
Хаврын чуулган нээсэн өдөр Шинэчлэлийн Засгийн газарт эхний сюрпризийг нь задалсан хүн бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү. Тэрбээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах тогтоолын төсөл өргөн барьсан юм. Бас уг төсөл нь дэмжлэг хүлээнэ гэсэн итгэл дүүрэн байгаа гэнэ. Түүнтэй ярилцлаа.
-Шинэчлэлийн Засгийн газрын сайдыг огцруулах тухай дөрөв дэх тогтоолыг Та өргөн барилаа. Олон нийтийн нүдэнд бол Х.Тэмүүжин сайд хамгийн ажилсаг нь харагдаад байгаа. Яагаад огцруулах ёстой гэж үзсэн юм бэ?
-Хууль зөрчсөн, салбараа удирдах чадваргүй, бас ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн. Хууль зөрчсөн гэдгийг тодорхойлохын тулд эхлээд Засгийн газрын гишүүний бүрэн эрхийг судлах ёстой. Засгийн газрын тухай хуульд Хууль зүйн сайд хууль зүйн туслалцааг Ерөнхий сайд, яам, Засгийн газартаа үзүүлэх ёстой. Гэтэл Ерөнхий сайд нь Цэцээр шүүгдэх алхам хийгээд, хэлэлцэх гэхээр шийдвэрээ цуцлаад явж байна. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн талаарх Х.Тэмүүжин сайдын 122 дугаар тогтоол хууль зөрчсөн.
Нэгдүгээрт, энэ бол энгийн эмнэлэг. Нийлүүлэх гэж буй бол цэргийн биш, энгийн эмнэлэгтэй нэгтгэх ёстой. Тэнд цэргийн алба хаагчид ажиллаж байсан гээд цэргийн эмнэлэг болчихгүй. Төрийн ордонд ч бас төрийн тусгай алба хаагчид ажилладаг, тэгээд цэргийн байгууллага болчихоогүй шүү дээ. Мөн 3.2 тэрбум төгрөгийн үнэтэй MRI аппарат эвдэрсэн. Энэ асуудлаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай АТГ, Ерөнхий прокурорын албан бичиг бий.
Ашиглахгүй байсан юм бол энэ аппаратыг зарах, эсвэл хэрэгтэй эмнэлэгт нь өгөх байсан. Дээрээс нь дотоодын цэргийг татан буулгачихлаа, цагдаагийн байгууллагыг сүр сүлдгүй, хилийн цэргийг хяналтгүй болголоо гэх мэтээр хариуцлагагүй үйлдэл олон хийж байна. Хууль зүйн сайд хууль зүйн болон шинэчлэлийн бодлогыг баримтлах ёстой. Энэ салбарт шинэчлэл хийхээр ярьж байна, УИХ ч, би ч дэмжинэ. Хууль зүйн бодлого бол гэмт хэргийн илрүүлэлтийг сайжруулах, гаралтыг бууруулахад чиглэдэг. Гэтэл хүн амины хэргийн тоо 2011 оныхоос хоёр дахин өсчихлөө. Мөн 20 саяас дээш төгрөгтэй иргэнээ шалгаж, мөрддөг болох нь. Ядарсан иргэний мал алга болох, бусдад зодуулахад тоохгүй байна. Ийм хууль зүйн бодлоготой байж болохгүй. Гуравдугаарт, ёс зүйн асуудал байна. Хүүхэд үрчлүүлсэн, хар тамхитай холбоотой асуудал бий. Тусгай хяналтын дэд хорооны гишүүн учраас надад энэ талаар тодорхой мэдээлэл бий ч төрийн нууцыг задлах эрхгүй. Ер нь бол хар тамхины наймааг гаднынхан хийдэг гэж би үздэг. Үүнтэй тэмцэж чадаж буй цагдаа нар бол баатар. Тиймээс тэднийг бид хамгаалах ёстой атал доромжлоод, буруутгаад явах нь ёс зүйгүй хэрэг.
-Ёс зүйн дэд хороонд энэ асуудлаараа хандсан гэсэн. Юу болсон бэ?
-Хандсан, сарын дотор хуралдаж шийдэх ёстой ч чимээгүй болчихлоо. Х.Тэмүүжин гишүүний сайн найз нь энэ Дэд хороог ахалдаг. Сайн найзтай байх гоё юм. Хуулийн хүрээнд асуудлыг шийдээд тайлбар авчих ёстой атал найзыгаа хамгаалсан. ХБНГУ-д диплом хуурамУИХ чаар бичсэний төлөө сайд нь огцордог. Бид хариуцлагатай нийгмийг хүсээд байгаа, тэгэхээр Хууль зүйн сайдаасаа эхэлж хариуцлага нэхэх нь зөв биз дээ.
-Хууль, эрх зүйн шинэчлэлийн талаар сайн ажиллаад байгаа юм биш үү?
-Санал гарсан. Үр дүнг нь одоо хүмүүс амсаж байна. Би “Энэ бүхний золиосыг ард түмэн амсана” гэж сануулж байсан. Одоо шүүх, цагдаагийн байгууллага, шүүхийн шийдвэр, шоронгийн байдлыг хар. Тэгээд шинэчлэл нь үр дүнгээ өгсөн бол алга таших ёстой. Шинэчлэлийг суурьгүйгээр хийсэн. Мэдлэг, судалгаанд суурилж хийх ёстойгоос нэг байшингаас нөгөөд шилжүүлэх, нэгийг нь байхгүй болгохыг шинэчлэл гэхгүй. Төрийн санамж хамгийн багадаа 10 жил байх ёстой атал 70-80 жил болсон байгууллагын санах ойг үгүй болгох нь аймшигтай хэрэг. Тахарын алба гэж юу байна. Тагнаж, чагнах тухай олон хууль байна.
-Сөрөг хүчнийхэн АН-ынхныг коммунист арга барилыг сэргээлээ гэж шүүмжилдэг. Та тэдэнтэй энэ талаар санал нийлдэг юм байна, тийм үү?
-М.Батчимэг гишүүн “Манай нам бол ардчилсан коммунист нам” гээд хэлчихсэн. Түүний үгийг би “Цөөхөн хүн л шийдвэр гаргадаг юм байна” гэж ойлгосон. Намынх нь дотоод асуудлыг мэдэхгүй. Гэхдээ түүний үгийг ингэж л ойлгосон.
-Х.Тэмүүжин сайдыг огцруулах тухай таны саналыг “Шударга ёс” эвсэл юу гэж үзэж байна вэ. Засгийн газрыг хамтарч байгуулсан эвслийн бүлэг дотроосоо “шүд сугалах”-ыг дэмжих болов уу?
-АН-ын саналыг л харж байгаа. Манай эвсэлд Уянга, Батцогт гээд Х.Тэмүүжингийн найз байгаа. Би Бүлгийн даргадаа “Энэ асуудлаар Бүлэг заавал байр сууриа илэрхийлэх ёстой” гэж хэлсэн. Бид чинь зовлонтой. Тэнд АН найтаахад бид энд ханиад хүрчих гээд байдаг. Бүлэг дотроо дэмжлэг авахгүй байгаа хэрэг бас биш. Тэд татгалзаагүй, түдгэлзээд байна. Тав нь дэмжээд, зургаа нь АН-ыг хараад байгаа юм. Би Д.Тэрбишдагва, Ч.Улаан, М.Сономпил сайдыг буруутгадаг. Бид хамтарч байгаа юм бол мууг нь хамтдаа зайлуулна, сайныг нь бүтээнэ. Түүнээс биш, мууг нь хамтраад далдлах ёсгүй. Одоо үүссэн муугийн суурийг МАН тавьсан. Тиймээс тэд сиймхий гаргаж байгаад Засгийн газарт орж ирчих гээд байна.
-АН өмнө нь ч сайд нараа хамгаалж үлдсэн, одоо ч тэр шийдвэртээ үнэнч зогсох байлгүй дээ.
-Би тэгж бодохгүй байна. Харин ч АН-ынхан Х.Тэмүүжинг огцруулна гэдэгт 100 хувь итгэлтэй байна. Н.Алтанхуяг сайдаас бусад нь миний саналыг цагаа тулахад дэмжинэ. Би 15 жилийн турш АН-ын гишүүн байсан, тэднийг сайн мэднэ. Энэ намд шударга хүн олон. Байдал үнэхээр болохгүй байгааг тэд ойлгож байна.
-Шинэчлэлийн Засгийн газрын сайд нарыг огцруулах тухай ярих үед “Хүн солиод байдал өөрчлөгдөхгүй” гэдэг тайлбар дагалддаг. Х.Тэмүүжин сайдыг солилоо гээд энэ салбарт байдал дээрдэх үү. Сайтуудаар таныг хувийн асуудлаас болж Хууль зүйн сайдыг огцруулахыг санаархлаа гэсэн мэдээлэл гарсан байсан.
Би хувь хүнтэй нь холбож ийм асуудал тавиагүй, тавих ч үгүй. Нэг л үнэн бий. Би хэнд ч өргүй, хэний ч барьцаанд байдаггүй.
-МАХН-ын даргын “барьцаа”-нд байхгүй гэж үү?
-Үгүй. Үүнийгээ би өмнө нь ч хэлсэн. УИХ-ын 76 дотор хамгийн чөлөөт гишүүн нь би байж магад. Юу зөв, хууль ёсны гэж бодно, түүнийхээ төлөө л явдаг. Манай бие даагч гишүүд ч бас чөлөөтэй амьсгалж чадахгүй байгаа. С.Ганбаатар гишүүн “Жинхэнээсээ сөрөг хүчин болж үзэх сэн” гэж хэлж байсан. -Хэн нэг сайдыг огцруулахаас илүү тогтолцоо нь буруу байгаа юм биш үү л гэж асуух гэж байгаа юм. Засгийн газрын тухай хуулийн төслөөс танай эвслийн Бүлэг завсарлага авчихлаа шүү дээ.
-Завсарлага авсан нь зөв. МАН-ынхан сая жагслаа. Тэд “Давхар дээлээ тайлаач” гэж шаардсан. Үнэндээ давхар дээлээ тайлах нь сайн, мууг бодохоос илүү Засгийн газрыг огцруулаад өөрсдөө албан тушаалд хүрэх сонирхолтой байна. М.Энхболд телевизээр ярилцлага өгөхдөө “Бидэнтэй хамтар” гэж шууд хэлсэн. Түүнээс биш бодлогыг нь ингэж засъя, бидэнд ийм санал байна гэхгүй байгаа биз дээ. Машин жолоодож чадахгүй хүнийг чаддагаар нь соливол үр дүн гарна биз дээ. Тэгэхээр солих ёстой.
-Сөрөг хүчнийхэн ч бас Засгийн газарт хариуцлага тооцох сонирхолтой байгаа. Тэд таны хардсан шиг зорилго агуулсан юм байж. Тэгвэл таныг ч бас ийм ашиг сонирхолгүй гэх аргагүй юм биш үү?
-Надад тийм сонирхол байхгүй. Шорон хэрэгтэй юү, эмнэлэг үү гэдэг сонголтоос би эхнийхийг нь сонгосон. Хэлбэр талаас биш, бодлогын үүднээс л яриад байгаа юм. МАН-ын хувьд тэд бодлого ярих ёстой нам. 26 гишүүнтэй шүү дээ. Гэтэл албан тушаал яриад “Бидэнтэй хамтраач” л гээд байх юм.