Су.Батболдыг Байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2014.12.24/ хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар тус Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Су.Батболдын нэрийг дэвшүүлснийг УИХ-ын гишүүн О.Содбилэг танилцууллаа. Нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Ингээд Су.Батболдыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар сонгох асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ.
Энэ өдрийн хуралдаанаар Мах экспортлох асуудлаар, Цагаан зээрийг хамгаалах асуудлаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар салбарын сайдын мэдээллийг сонсохоор төлөвлөсөн байсан ч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, дэд сайд М.Хүрэлсүх нарын хүсэлтээр хойшлууллаа.