“Мэдээллийн ил тод байдлыг хангах, мэдээлэл авах эрхийг хэрэгжүүлэх чиглэлээрх сайн туршлага, санаачилгууд” сэдэвт уулзалт боллоо

2014 оны 12 сарын 24

Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд “Мэдээллийн ил тод байдлыг хангах, мэдээлэл авах эрхийг хэрэгжүүлэх чиглэлээрх сайн туршлага, санаачилгууд” зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр / 2014.12.24 / Хууль зүйн үндэсний хүрээлэнд зохион байгууллаа.

Уулзалтыг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Төслийн үндэсний захирал Б.Болдбаатар нээж үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ, “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төсөл нь Улсын Их Хуралд бодлогын судалгаа хийх, оролцогч талуудтай нээлттэй зөвлөлдөх замаар хууль боловсруулах ажиллагааг сайжруулах, иргэд ба сонгогдсон төлөөлөгч хоорондын харилцааг бэхжүүлэх, НҮБ-ын Авлигын эсрэг конвенц, ёс зүй болон сонирхлын зөрчилтэй холбоотой бодлого хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулахад туслалцаа үзүүлэх зорилготой гэдгийг онцоллоо. Мөн энэ онд тус төслийн хүрээнд мэдээллийн ил тод байдалтай холбоотойгоор Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 23,24 дүгээр зүйлийн хэрэгжилтэд үнэлгээ хийх, Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн Авлигаас урьдчилан сэргийлэх тухай 2-р бүлгийн хэрэгжилтэд үнэлгээ хийх, Хууль боловсруулах үйл ажиллагаанд оролцоог хангах, иргэд байгууллага, олон нийтийн саналыг авах практикийг судлах зөвлөх үйлчилгээнүүдийг захиалж хийлгэсэн талаар танилцууллаа. Түүнчлэн иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах, төрийн байгууллагууд мэдээллээ ил тод болгох үүргээ хэрэгжүүлэхэд тус дөхөм болох үүднээс төр, төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор энэхүү зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байгааг хэлээд уулзалтаас олон чухал саналууд гарч, ойрын ирээдүйд тэднийг хамтран хэрэгжүүлэх үйл явц эрчимжинэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.

Мөн уулзалтад НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Сезин Синаноглу үг хэлсэн. Тэрээр мэдээлэл авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нь хүний үндсэн эрхийн нэг гэдгийг онцлоод энэхүү эрхийг 90 гаруй улс орон хууль тогтоомжоороо баталгаажуулсан байдаг.  Монгол Улс Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хуулийг 2011 онд баталснаараа энэ эрхийг баталгаажуулж өгсөн явдал болсон юм гэлээ.

Өнөөдрийн зөвлөлдөх уулзалтаар УИХ, Засгийн газраас Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон орон нутагт хэрэгжиж байгаа сайн туршлагуудыг сонсохын зэрэгцээ хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14568
0 эможи
keyboard_arrow_up