Эмнэлгийн зориулалтаар ашиглах барилгуудын нөхцөл байдалтай танилцлаа
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд өнөөдөр /2012.12.22/ Засгийн газрын XIII байрны барилга болон Төрийн албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын явцтай танилцав.
Хүн амын өсөлт нэмэгдэж байгаа, эмнэлгийн үйлчилгээг нийтэд хүрэлцээтэй болгох шаардлагын үүднээс шинээр байгуулах эмнэлгийн тоог нэмэгдүүлэх асуудлыг судлан, дүгнэлт гаргуулахаар НББСШУБХ-оос Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайханаар ахлуулсан Ажлын хэсгийг байгуулсан.
Тус ажлын хэсгийн гишүүд ЗТЯ байрлаж буй Засгийн газрын XIII байрны барилгын нөхцөл байдал болон Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилгын явцтай танилцаж, холбогдох хүмүүстэй уулзан, санал солилцохоор газар дээр нь ажиллаж байгааг Ажлын хэсгийн ахлагч Г.Баярсайхан танилцуулсан юм.
Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин “ЗТЯ-ны одоогийн байрыг хүүхдийн эмнэлгийн зориулалтаар ашиглах Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дүгнэлт гаргахаар НББСШУБХ-ы Ажлын хэсгийн гишүүд ажиллаж байна” гэв. Түүнчлэн Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх тал дээр холбогдох байгууллагууд хариуцлагатай, шуурхай ажиллах ёстойг сануулав.
Харин Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр Улсын Их Хурлаар ирэх оны төсвийн тодотголыг ойрын хугацаанд хэлэлцэх бөгөөд энэ үеэр шинээр байгуулах эмнэлгүүдтэй холбоотой зардлыг тусгах тал дээр холбогдох яамдын ажилтнууд анхаарч, шуурхай ажиллахгүй бол 2015 онд төсөвгүй гэдэг шалтгаанаар шинээр эмнэлгүүд байгуулах ажил удаашрах магадлалтайг анхааруулав.
Олон улсын эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон стандартаар 1000 хүүхэд тутамд эмнэлгийн 4-5 ор ногдох ёстой. Энэ жишгээр тооцож үзвэл Монгол Улсын хүүхдийн эмнэлгүүд нийтдээ 1800 ортой байх ёстойгоос одоогоор 1072 ор бий. Тиймээс хүүхдийн эмнэлгүүдийг хүртээмжтэй болгох үүднээс 728 ор шинээр нэмэгдүүлэх шаардлага бий .