Нийтийн сонсголын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулав
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны өнөөдрийн /2014.12.16/ хуралдаан 11 цагт 63.2 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас энэ сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн эдгээр хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг чуулганы өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар хийсэн юм.
Байнгын хорооны хуралдаанд тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний зарим байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч, холбогдох албан тушаалтнууд болон Сангийн яамны ажлын хэсгийн гишүүд оролцсон юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байнгын хорооны зарим гишүүд ажлын хэсгээс асуулт асууж тодруулан саналаа хэллээ. Тухайлахад, УИХ-ын гишүүн Н.Энхболд энэ оны төсвийн тодотголыг цаг хугацаанд шахагдаж, хэдэн тоо засах байдлаар оруулж ирж байгаа нь Сангийн яамныхны буруу биш, харин өнгөрсөн жилүүдийн алдаатай бодлогын үр дагавар. Иймээс энэ оны гүйцэтгэлд бодитой дүн шинжилгээ хийж, бодлогын алдаа нь юундаа байсныг тодруулж байж ирэх оны төсвийн тодотголыг оруулж ирэхэд Сангийн яам анхаарах хэрэгтэй. Хуримтлал үүсгэхгүйгээр олсон мөнгөө үр ашиггүй зарж үрдэг байдлыг арилгах, төсвийн бүтцээ эрс өөрчлөх хэрэгтэй байгаа тул ирэх оны төсвийн тодотголд УИХ нухацтай хандах ёстой гэсэн бол УИХ-ын гишүүн Н.Батцэрэг төсөв, санхүү, мөнгөний одоогийн бодлогодоо нухацтай дүгнэлт хийх, наад зах нь орлогын тооцоог бодитой төлөвлөх нь чухал. Ер нь эдийн засгийн хямралын цаана бас засаглалын хямрал байна гэдгийг бодолцох ёстой. Иймээс төрийн байгууллагуудын бүтэц, чиг үүрэгт байнгын хороо дүгнэлт хийх цаг болсон гэдгийг хэллээ.
Мөн УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл төрийн байгууллагуудын өнөөгийн бүтэц, тогтолцоо нь эдийн засгийн нөөцдөө тохирч байгаа эсэхэд дүн шинжилгээ хийх хэрэгтэй байна. Иймээс төрийн байгуулалтын шинэчлэлийг төсвийн шинэчлэлтэй уялдуулахад байнгын хорооны зүгээс анхаарч төлөвлөгөөндөө тусгах, энэ талаар төрийн байгууллагуудад тодорхой чиглэл өгөх нь зүйтэй юм гэдгийг хэлж байв. Байнгын хорооны дарга А.Бакей гишүүдийн хэлсэн саналыг хуралдааны тэмдэглэл болон Төсвийн байнгын хороонд хүргүүлэх санал, дүгнэлтдээ тусгах, түүнчлэн байнгын хорооноос ирэх онд хийх ажлын төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлэхэд анхаарахаа онцоллоо. Ингээд энэ оны төсвийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул гишүүдийн хэлсэн саналыг тусгасан санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Нийтийн сонсголын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр танилцуулсан юм.
Төрийн шийдвэр боловсруулах, хэлэлцэх, батлах, хэрэгжилтийг нь хянах бүхий л үйл ажиллагаанд иргэд оролцож, үзэл бодлоо илэрхийлэх, шийдвэрт саналаа тусгах боломж, нөхцөлийг бүрдүүлэх нь Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны суурь зарчмыг хангахад чухал ач холбогдолтой. Гэтэл бодлого боловсруулах, шийдвэр гаргах ажиллагаан дахь иргэдийн улс төрийн идэвх өрнөж, соёл төлөвшиж буй өнөө үед тэднийг сонсох, санаа бодлыг хууль тогтоогч, шийдвэр гаргагчид уламжлах эрх зүйн тогтолцоо хангалтгүй байсаар өдийг хүрлээ.
Иймээс УИХ-ын хууль тогтоох, хяналт тавих, мөрдөн шалгах чиг үүргийн хүрээнд төдийгүй хуулиар эрх шилжүүлсний үндсэн дээр хууль санаачлагч, төрийн байгууллага, албан тушаалтан, нутгийн өөрөө удирдах байгууллагаас хэм хэмжээ тогтоосон акт болон нийтийн эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргах, хуульд заасан хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа нийтийн сонсгол зохион байгуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байна гэж үзсэний үндсэн дээр Ерөнхийлөгчийн зүгээс энэ хуулийн төслийг санаачлан боловсруулсныг тэрээр илтгэлдээ дурдлаа.
Уг хуулийн төсөлд хууль тогтоох, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны, мөрдөн шалгах, захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн, орон нутгийн сонсгол гэсэн үндсэн 7 төрлийн сонсгол явуулж төрийг удирдах хэрэгт иргэдийн оролцоог хангахаар тусгажээ. Тухайлахад, хууль санаачлагч нь хүний эрх, эрх чөлөө, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарлахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх, нийтийн ашиг сонирхолтой шууд хамааралтай нийгэм, эдийн засаг болон байгаль орчны асуудлыг шийдвэрлэхэд хууль тогтоох сонсголыг явуулахаар тусгасан байна. Түүнчлэн хууль тогтоомжийн хэрэгжилтийн мониторинг үнэлгээ хийх эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор УИХ, нутгийн өөрөө удирдах байгууллага ерөнхий хяналтын сонсголыг явуулж байх юм байна.
УИХ нь төсвийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, төсвийн сахилга батыг дээшлүүлэх, төсвийн орлого, зарлага, төсвөөс санхүүжүүлсэн болон хөрөнгө оруулсан үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтыг хянах зорилгоор улсын нэгдсэн төсвийн биелэлт, зарцуулалттай холбоотой асуудлаар Төрийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулан төсвийн хяналтын сонсголыг зохион байгуулах аж. Харин мөрдөн шалгах сонсголын тухайд олон нийтийн санаа бодлыг түгшээсэн хууль зүй, улс төр, эдийн засаг, нийгмийн тодорхой асуудлаар, УИХ-ын гишүүн болон УИХ-аас томилогдсон албан тушаалтан хууль зөрчсөн эсэхийг тогтоох зорилгоор УИХ-аас явуулахаар зохицуулжээ. УИХ-аас тухайн сонсголыг явуулахдаа хэлэлцэх баримт сэлтийг цуглуулах, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороог байгуулж ажиллуулахаар төсөлд тусгасан байна.
Мөн УИХ өөрийн бүрэн эрхийн хүрээнд хамаарах асуудлаар албан тушаалтныг томилохдоо УИХ-ын нийт гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй гишүүдийн хүсэлтийг үндэслэн томилгооны сонсголыг явуулахаар, харин Засгийн газар болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан тушаалтныг томилохдоо томилгооны сонсгол явуулах уян хатан зохицуулалтыг тусгаж өгсөн байна. Тэгвэл орон нутгийн сонсголыг УИХ, Засгийн газар нь тухайн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хүсэлт, тухайн асуудал хариуцсан Байнгын хорооны шийдвэрийг үндэслэн тодорхой асуудлаар тухайн газарт очиж явуулж байх зохицуулалтыг төсөлд тусгажээ.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Баярцогт хуулийн төсөлд УИХ-тай холбоотой зарим шинэ зохицуулалт, тухайлахад мөрдөн шалгах сонсгол явуулах зохицуулалтыг тусгасан байгаа тул хуулийн төслийг эхлээд нам, эвслийн бүлгүүд дээр ярилцаж ойлголцсоны дараа байнгын хороогоор хэлэлцэх горимын санал гаргасан юм. Түүний гаргасан горимын саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн тул уг хуулийн төслийн хэлэлцүүлгийг түр хойшлууллаа.