УИХ-ын гишүүн С.Одонтуяа Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд ажиллалаа
Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа өнөөдөр /2014.12.12/ Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд ажиллалаа.
Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа “Хүйтний улиралтай холбоотойгоор Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн тасаг маш их ачаалалтай ажиллаж байгаа юм. Өдөртөө 100 гаруй хүүхдэд үзлэг хийж, 10 орчим хүүхэд шинээр хэвтэн эмчлүүлж байгаа талаар эмнэлгийн ажилтнууд ярьж байна. Хүүхдийн тасгийг өргөжүүлэх, орны тоог нэмэгдүүлэх зардал мөнгө нь байгаагүй ч бодит шаардлага байсан тул бид нөхцөл бололцоогоо дайчилж, менежмэнтийн хувьд нэлээд өөрөөр ажиллая гэж шийдсэн. Ингээд том хүний ачаалал багатай тасгаас 20 орыг хүүхдийн тасаг болголоо. Ор, шүүгээ зэрэг зэрэг эд хогшил, дотоод тохижилтыг нь Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ бид хоёр цалингаа нийлүүлж шийдсэн. Ингэснээр хүнд хүүхдүүддээ яаралтай тусламж үзүүлэх бололцоо бүрдэж байгаад баяртай байна” хэмээн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн тасгийн үйл ажиллагаатай танилцах үеэр ярив.
Баянгол дүүрэг 0-15 насны 60 орчим мянган хүүхэдтэй. Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн харьяа “Эмүжин” төвд 35 хүүхдийн ортой хүүхдийн эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг хэдий ч ачаалал ихтэй, хүчин чадлаасаа хоёроос гурав дахин олон хүүхдэд үйлчилдэг байна. Тиймээс Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ болон Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нарын санаачилга, дэмжлэгтэйгээр Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар хамтарч ажлын алба байгуулан, нэлээд шуурхай ажилласны үр дүнд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл өнөөдөр 20 ортой хүүхдийн тасагтай болж байгаа юм.