Төрөөс ойн талаар баримтлах бодлогын баримт бичгийг хэлэлцэж эхэллээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2014.12.11/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Баярсайхан нар танилцуулсан юм.
Төрөөс ойн талаар баримтлах бодлого нь улсын нийгэм-эдийн засаг, байгаль орчны асуудлыг цогцоор нь авч үзсэн ногоон хөгжлийн бодлоготой уялдсан, ой модны нөөцийг хамгаалах, ашиглах, нөхөн сэргээх менежменттэй холбоотой асуудлаар ирээдүйд гаргах шийдвэр, үйл ажиллагааг чиглүүлсэн ойн бодлогын зорилго, баримтлах зарчим, хэрэгжүүлэх зорилтыг тодорхойлсон баримт бичиг юм. Бодлогын баримт бичгийн төслийг ойн салбарын эрдэмтэд, мэргэжилтний баг гадаадын 15 орны ойн үндэсний бодлогыг судалсны зэрэгцээ Монгол орны ойн бодлогын хэрэгжилтийн байдалд судалгаа хийж, 1000 гаруй хүнээс санал авчээ. Аймгуудыг төв, баруун, зүүн гэсэн 3 бүсэд хуваан бодлогын баримт бичгийн анхны төслөөр бүсчилсэн хэлэлцүүлэг хийж, төгсгөлд нь Улаанбаатар хотод болсон Ойн үндэсний чуулганаар хэлэлцүүлэн чуулганаас гарсан саналыг тусгаж эцэслэн боловсруулсныг төсөл санаачлагч илтгэлдээ дурдав.
Манай улсын ойн сангийн нийт талбай 18592.4 мян.га газар эзэлдэг агаад ойн сангийн нийт талбайн 82,8 хувийг хамгаалалтын бүсийн, 17,2 хувийг ашиглалтын бүсийн ой эзэлдэг аж. Улсын хэмжээнд 5,8 мянган өрх, 21 мянга гаруй гишүүнтэй 1062 нөхөрлөл, 111 аж ахуйн нэгж ойн санг гэрээгээр эзэмшиж, хариуцан хамгаалах үйл ажиллагаа явуулдаг бол улсын хэмжээнд 323 ойн мэргэжлийн аж ахуйн нэгж ажилладаг байна.
Төрөөс ойн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлснээр Монгол орны ойн сангийн ойгоор бүрхэгдсэн талбай 1524,14 мянган га талбай бүхий таримал ойгоор нэмэгдэж, ойрхог чанар 9,0 хувьд хүрнэ; ойн тогтвортой менежмент бий болж, ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх ажилд чанарын ахиц гарч, экологийн ач холбогдол бүхий эрүүл ой бий болно. Ойн экосистем, биологийн олон янзын хамгаалалт сайжирна. Монгол орны говь, тал хээрийг ойжуулах агро-ойн аж ахуйн үндэс тавигдана. Ойн дагалт баялгийн ашиглалтыг сайжруулах замаар хүн амын хүнсний хангамж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгааг төсөл санаачлагч дурдлаа.
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Батхүү, Л.Энх-Амгалан, Ц.Даваасүрэн, Н.Энхболд, Н.Батцэрэг, Д.Ганхуяг нар салбарын сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодоруулав. Тухайлахад, гишүүн Н.Батцэрэг “Ногоон хүрэм” хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй байгаагийн шалтгааныг тодруулахад тус яамны Ойн хамгаалал, ойжуулалтыг зохицуулах хэлтсийн дарга Ц.Банзрагч 2005 оноос хэрэгжүүлж эхэлсэн энэ хөтөлбөр нь санхүүжилт болон технологийн шийдэл дутмаг байснаас болоод хэрэгжилт хангалтгүй байгаа.
Ойг хамгаалах, нөхөн сэргээх, ойжуулахад зориулан жилд 200 сая төгрөг төсвөөс өгдөг ч бид заавал төсөв харж суухгүйгээр БНСУ-ын санхүүжилтээр Төв, Өмнөговь аймгуудад тодорхой төсөл хэрэгжүүлж эхэлсэн нь үр дүнгээ өгч байгаа. Цаашид агро-ойн аж ахуйн үндсийг тавих, одоогоор ойн сангийн 3 хувийг хариуцан хамгаалж нөхөн сэргээж байгаа ойн нөхөрлөлийг дэмжиж өргөжүүлэхээр бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгасан гэсэн хариулт өгөв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлсэн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан бодлогын баримт бичиг нь Ойн тухай хуультайгаа уялдаатай байхад анхаарах, ойн менежментийг шинэ шатанд гаргах зохицуулалтыг тусгаж өгөх, манай орны ойн 70 хувь нь хөгширсөн, цэвэрлэгээ хийх зайлшгүй шаардлагатай гэсэн судалгаа дүгнэлт байгаа учраас энэ ажлыг хэрэгцээтэйгээ уялдуулж орон нутгийн нөхцөл байдалд зохицуулж зохион байгуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм.
Ингээд Төрөөс ойн талаар баримтлах бодлогын баримт бичгийг хэлэлцэх эсэх талаарх санал хураалтыг чуулганы үдээс хойших хуралдааны эхэнд шийдвэрлэхээр болж үдээс өмнөх хуралдааныг завсарлууллаа.