УИХ-ын дарга З.Энхболд Дэлхийн банкны төлөөлөгчийг хүлээн авч уулзав
Улсын Их Хурлын дарга З.Энхболд Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн дэд ерөнхийлөгч ноён Аксел ван Тротсенбург тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр / 2014.12.10 / Төрийн ордонд хүлээн авч уулзав.
Улсын Их Хурлын дарга уулзалтын эхэнд төлөөлөгчидтэй уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд Монголд Улсад тавтай зочлохыг хүслээ. Энэхүү уулзалтаар Монгол Улсын төсвийн өнөөгийн байдал, Дэлхийн банкнаас цаашид Монгол Улсад хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар харилцан санал солилцсон юм.
Ноён Аксел ван Тротсенбург Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч буйд талархал илэрхийлээд Монгол Улсад айлчилж байгаа гол зорилго нь Монгол Улсын өнөөгийн хөгжлийн тулгамдсан асуудлууд, Дэлхийн банкнаас Монгол Улсад үзүүлэх боломжит дэмжлэгүүдийн талаар санал солилцох юм гэлээ.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа "Тогтвортой амьжиргаа-3" төслийг хэрэгжүүлэх эрхийг нь нээж өгөөд байна. Бусад төслүүдийн хувьд шинэ Засгийн газар байгуулагдсан учраас хэлэлцэх боломж бүрдсэн гэлээ. Түүнчлэн энэ онд багтаж УИХ-аар хэлэлцэхээр төлөвлөсөн олон хууль байгаа. Түүний нэг нь Өрийн удирдлагын тухай хууль юм. Энэ хууль батлагдсанаар олон улсын санхүүгийн нэр томьёо нэгдсэн журмаар хэрэглэгдэх улмаар нэгдсэн ойлголтод хүргэх юм .