Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийн үр дүнгийн талаарх гишүүний асуулгын хариуг сонсов
Чуулганы өнөөдрийн /2014.04.11/ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Су.Батболдоос “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад тавьсан асуулгын хариуг сонсов. Гишүүний асуулгад Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга хариулт өглөө.
Эрхэм гишүүн асуулгадаа, Монголбанкны Ерөнхийлөгч, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А-166/А/24 дугаар бүхий тушаалаар батлагдсан “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн байдал, хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах зорилгоор зарласан төсөл, түүний сонгон шалгаруулалтын явц, ямар компаниудад, ямар хууль эрх зүйн үндэслэл, шалгуур үзүүлэлтээр, хэдий хэмжээний санхүүжилт олгосон тухай аж ахуйн нэгж тус бүрээр дэлгэрэнгүй танилцуулга ирүүлэхийг хүсэлт болгожээ. Энэ дагуу “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн 2013 оны хэрэгжилтийн тайлан, үхэр хонины махны үнийн харьцуулалтын графикийг гаргасныг сайд танилцуулав.