Нэг өдрийн дотор 17 сайд төрлөө
УИХ-ын чуулганы өчигдөрийн /2014.12.09/ үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар Ж.Эрдэнэбатыг томилуулах тухай Ерөнхий сайдын саналыг Төсвийн байнгын хороо хэлэлцээд дэмжсэн хэмээн тус байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн гишүүдэд танилцуулав.
Гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа томилох асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 93.1 хувь нь Ж.Эрдэнэбатыг Сангийн сайдаар томилохыг дэмжлээ.
Түүнчлэн Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайдаар Д.Дорлигжавыг томилох асуудлыг хэлэлцлээ. Хууль зүйн байнгын хороо дээрх асуудлыг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжсэн хэмээн тус байнгын хорооны дарга Д.Ганбат гишүүдэд танилцуулсан. Хууль зүйн сайдад нэр дэвшигч Д.Дорлигжаваас УИХ-ын гишүүд, төрийн тусгай албан хаагчдад үйлчлэх зориулалттай баригдаж эхэлсэн ч зориулалтыг нь өөрчлөөд байгаа барилгын тухай, хуулийн салбарын шинэчлэлтэй холбоотой УИХ-аар хэлэлцэгдэж буй хуулиудын талаар, хүний эрхийн асуудлаар, цагдаагийн албан хаагчдын нийгмийн асуудлаар асуулт асуун, саналаа илэрхийллээ. Ингээд Д.Дорлигжавыг Хууль зүйн сайдаар томилох асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 94.9 хувь нь дэмжлээ.
Үүний дараа Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэрийн сайдыг томилох асуудлыг хэлэлцэв. Аж үйлдвэрийн сайдаар Д.Эрдэнэбатыг томилуулах тухай Ерөнхий сайдын саналыг Эдийн засгийн байнгын хороо хэлэлцээд дэмжсэн бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 96.6 хувь нь дэмжсэн юм. Мөн Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдаар Д.Цогтбаатарыг томилох санал нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 96.6 хувийн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар Ц.Цолмонг томилох санал 93.4 хувийн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар Л.Гантөмөрийг томилох санал 95 хувийн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайдаар Н.Төмөрхүүг томилох санал 98.2 хувийн, Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайдаар Р.Жигжидийг томилох санал 86.4 хувийн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайдаар С.Чинзоригийг томилох санал 92.7 хувийн, Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар С.Эрдэнийг томилох санал 98.1 хувийн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар Р.Бурмааг томилох санал 91.5 хувийн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдаар Г.Шийлэгдамбыг томилох санал 88.3 хувийн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдаар Д.Зоригтыг томилох санал 93.2 хувийн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайдаар М.Энхсайханыг томилох санал 94.9 хувийн дэмжлэг авлаа. Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд Засгийн газрын гишүүдэд нэр дэвшигчдийг томилох саналыг дэмжсэн учир “Шийдлийн Засгийн газар”-т ажиллах нэр бүхий 18 сайдыг томилох тухай УИХ-ын тогтоол батлагдлаа. Үүний дараа Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх тухай тогтоолыг баталж, "Шинэчлэлийн" тодотголтой Засгийн газрын бүрэлдэхүүнд багтан ажиллаж байсан сайд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөр цаг сунган хуралдсан чуулганы нэгдсэн хуралдаан 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 00.50 минутад өндөрлөлөө.