С.Баярцогт, Д.Оюунхорол, Л.Пүрэвсүрэн нарыг сайдаар томилохыг дэмжлээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2014.12.09/ нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын чуулганы 2014 оны 12 дугаар сарын тавны өдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргын албан тушаалд С.Баярцогтыг томилох асуудлыг хэлэлцэж байгаад завсарласан юм.
Өнөөдрийн хуралдаанаар дээрх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. С.Баярцогтыг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргын албан тушаалд томилохтой холбогдуулан Н.Батбаяр, Г.Уянга, Д.Арвин нарын гишүүд үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь томилохыг дэмжлээ.
Үүний дараа Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдыг томилох асуудлыг хэлэлцэв. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар Д.Оюунхоролыг томилох тухай Ерөнхий сайдын саналыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг уншиж танилцуулсан. Сайдад нэр дэвшигчээс УИХ-ын гишүүн О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ, А.Бакей нар асуулт асууж, Ө.Энхтүвшин, Г.Баярсайхан, Г.Уянга нарын гишүүд үг хэлсний эцэст Д.Оюунхоролыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар томилох асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 93.1 хувь нь дэмжлээ.
Гадаад хэргийн сайдад нэр дэвшигчийг томилох асуудлыг дараа нь хэлэлцлээ. Гадаад хэргийн сайдаар Л.Пүрэвсүрэнг томилох тухай Ерөнхий сайдын саналыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулсан юм. Гадаад хэргийн сайдыг томилох асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ц.Даваасүрэн, О.Содбилэг, Ё.Отгонбаяр, С.Дэмбэрэл, Н.Батцэрэг, Д.Хаянхярваа, Г.Баярсайхан, Ж.Энхбаяр, Л.Болд. Н.Номтойбаяр нарын гишүүд байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 93.3 хувь нь Л.Пүрэвсүрэнг Гадаад хэргийн сайдаар томилохыг дэмжлээ.