УИХ-ын дарга З.Энхболд Конрад-Аденауэр сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2014.12.08/ ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Парламент дахь Христын Ардчилсан Нэгдсэн нам, Христ Нийгмийн Холбоо намын бүлгийн менежер, Герман-Төв Азийн парламентын бүлгийн дарга М.Грунд, Конрад-Аденауэр сангийн Зүүн хойд Азийн салбар хариуцсан референт Т.Делинич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Ноён М.Грунд, Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, Ардчилсан намын дарга болсонд баяр хүргэв. Монгол Улс бол ардчиллыг тууштай хөгжүүлж буй сайн жишээ. Киргиз, Мьянмар зэрэг орон танай улсын ардчиллын замаар тууштай замнаж буй жишээг судлах хүсэлтээ илэрхийлсэн. Конрад-Аденауэр сангийн хувьд Ардчилсан намтай нягт хамтарч ажиллаж ирсэн. Тиймээс та ирэх онд манай улсад айлчлал хийх үеэрээ Конрад-Аденауэр сангийн академи дээр очиж илтгэл тавихыг урьж байна гэв.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Конрад-Аденауэр сан бол манай улсад үйл ажиллагаа явуулж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн хэмээгээд 2012 оны Улсын Их Хурлын сонгуулиар Ардчилсан нам олонхи болоогүй ч хамгийн олон суудал авсан учраас Улсын Их Хуралд суудалтай бусад намуудыг урьж Засгийн газраа хамтарч байгуулж байна. Одоогийн байдлаар ХБНГУ-ын хоёр том нам хамтарч засгийн эрх барьж буйтай адил бүтцээр ажиллах гэж буйгаа танилцуулаад харилцан санал солилцов.
Конрад-Аденауэр сан нь 1995 оноос эхлэн Монгол Улсад өөрийн суурин төлөөлөгчөө томилон ажиллуулж байгаа улс төрийн сан юм. Ардчилсан төр, нийгмийн байгууллыг хөгжүүлэх, шилжилтийн үйл явцыг нийгмийн баримжаат зах зээлийн эдийн засгийн тогтолцоо хүртэл даган ажиглаж, тусалж дэмжих зорилгоор олон улсад үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга, Монгол Германы парламентын бүлгийн дарга Р.Бурмаа, Конрад-Аденауэр сангийн суурин төлөөлөгч Й.Д.Рай, Конрад-Аденауэр сангийн Монгол Улсад суух суурин төлөөлөгчөөр шинээр томилогдсон Д.Шмюкинг болон албаны бусад хүмүүс байлцлаа.