УИХ-ын дарга Өсвөрийн зохион бүтээгчдийн ерөнхий боловсролын лаборатори ахлах сургуулийн нээлтэд оролцов
Улсын Их Хурлын дарга З.Энхболд Өсвөрийн зохион бүтээгчдийн ерөнхий боловсролын лаборатори ахлах сургуулийн нээлтийн ажиллагаанд өнөөдөр / 2014.12.08 / оролцож үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ, инноваци, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, шинийг эрэлхийлэхийг улс бодлогоор дэмжих ёстой. Монгол Улсын өнөө, ирээдүйн хөгжил цэцэглэлтийг зохион бүтээгчид бүтээн байгуулна гэдэгт би итгэдэг. Тиймээс инженерийн мэргэжлийг сонгон суралцах хүүхдүүдийг багаас нь бэлтгэх, тэдний техникийн боловсрол, сэтгэлгээг хөгжүүлэх орчныг бүрдүүлэх шаардлагатай гэв.
Мөн тэрээр зорилтыг нь өөрчлөөд байсан энэ сургуулийг дахин сэргээх тухай санаачилгыг миний бие гаргаж Боловсрол, шинжлэх ухааны сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Гантөмөрт санал болгосны дагуу ийнхүү ажил хэрэг болж, Өсвөрийн зохион бүтээгчдийн ерөнхий боловсролын лаборатори ахлах сургууль нээлтээ хийж буйд баяртай байна гэлээ. Түүнчлэн сургалтынхаа дотоод баазыг бэлдэхгүй бол монгол инженерүүд гадаад инженерүүдтэй өрсөлдөх чадвар сул байгаа тул энэ асуудлыг төрийн бодлогоор дэмжиж дээрх сургуульд хөрөнгө оруулалт хийсэн гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Өсвөрийн зохион бүтээгчдийн ерөнхий боловсролын лаборатори ахлах сургууль нь 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн математик, англи хэлээр гүнзгийрүүлсэн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхийн зэрэгцээ хувцас дизайн, график дизайн, авто, усан загвар, нисэх загвар, робоком электроник, хими технологи, архитектур, интерьер дизайн, үсчин, гоо сайхны чиглэлээр мэргэжлийн чиг баримжаа олгох төрөлжсөн сургалтуудыг явуулж эхэлжээ. Нийт 430 гаруй сурагч 7-11 дүгээр ангид суралцаж байгаагаас 100 орчим сурагч мэрэгжлээ сонгон суралцаж байна.
Уг арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Гантөмөр оролцож үг хэлсэн юм. Тэрээр, хүүхдүүд хуулбарлан даган дуурайдаг биш өөрөө сэтгэдэг байх хэрэгтэй. Тиймээс энэ сургуулийг дахин сэргээх ажлыг зохион байгуулж өнөөдөр нээлтээ хийж байгаад баяртай байна. Өсвөрийн зохион бүтээгчдийн ерөнхий боловсролын лаборатори ахлах сургуулиас олон сайн инженерүүд төрөн гарах учиртай. Цаашид энэ сургуулийг цахим сургууль болон хөгжүүлнэ гэлээ.
Улсын Их Хурлын дарга болон нээлтийн арга хэмжээнд оролцсон зочид, төлөөлөгчид тус сургуулийн, авто, усан загвар, нисэх загвар, робоком электроник, хими технологи, архитектур, интерьер дизайн, хувцас дизайн, график дизайны танхимдуутай танилцсан юм.
Нээлтийн ажиллагаанд БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Булга-Эрдэнэ, УИХ-ын даргын зөвлөх Ц.Буянцогтоо болон албаны бусад хүмүүс байлцав.