Монгол Улсын Их Хурлын даргын илгээлт

2014 оны 12 сарын 08

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн

танхимын XIX Их хурлын төлөөлөгчдөд

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын XIX Их хурлын эрхэм төлөөлөгчид Та бүхэнд болон Та бүхнээр уламжлан танхимын гишүүд, нийт бизнес эрхлэгчдэд Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэнд дэвшүүлье. 2012 оны Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнд байгуулагдсан энэ удаагийн парламент Монгол Улсын хөгжил, эдийн засгийг эрчимжүүлэх, бизнесийн орчныг дэмжих чиглэлээр олон хууль, тогтоол, шийдвэр гаргасан нь зохих үр дүнд хүрч байна.

“Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2014 оны 34 тоот тогтоолд бизнес хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, эдийн засгийг идэвхжүүлэх, хувийн хэвшлийг бүх талаар дэмжих арга хэмжээнүүдийг тусгасан билээ.Гэвч татварын ачааллыг бууруулах, бизнесийн байгууллагын үйл ажиллагааны нээлттэй ил тод байдлыг хангах, далд эдийн засгийг ил гаргаж, төрийн байгууллагын хүнд суртлыг багасгах, тусгай зөвшөөрлийн тоог эрс цөөлөх, бизнесийн үйл ажиллагааны өртөг, зардлыг нэмэгдүүлж байгаа хүчин зүйлсийн нөлөөллийг саармагжуулах, зээл, зээлийн даатгалд хамруулах, гадаад, дотоодын үнэт цаасны зах зээлд оролцоход нь дэмжлэг үзүүлэх, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд давхацсан хяналт шалгалтыг хийхгүй байх зэрэг олон чухал асуудлуудыг шийдвэрлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор Зөвшөөрлийн тухай, Худалдааны тухай, Зээлийн батлан даалтын сангийн тухай, Жижиг дунд үйлдвэрийн тухай зэрэг хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэж байна.

Төрийн мөнгөний бодлогыг эдийн засгийн бодит салбаруудтай уялдуулах, татварын хууль тогтоомжийг сайжруулах, бизнесийн хууль эрх зүйн орчинг шинэчлэх талаар Та бүхнээс ирүүлж буй олон үнэтэй, санал, санаачлагууд нь хууль тогтоомжуудыг боловсруулах, хэлэлцэхэд тодорхой хэмжээнд тусгалаа олж байна. Цаашид бизнесийн холбоотой аливаа хууль боловсруулах, батлан гаргах үйл явцад хувийн хэвшлийнхний санал бодлыг чөлөөтэй тусгах, дуу хоолойг сонсож, санал бодлоо харилцан солилцох чиглэлд бидний хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэлтэй байна.

Улсын Их Хурлаас бизнесийн хууль эрх зүйн орчинг улам сайжруулж, бизнест чөдөр тушаа болох аливаа хууль тогтоомжуудыг гаргахгүй байх, засч залруулах, бизнес эрхлэгчдэд эдийн засгийн болоод санхүүгийн эрх чөлөөг олгох, шударга өрсөлдөөний орчин нөхцөлийг бүрдүүлэх, элдэв зөвшөөрөл лицензийг багасгах нь монгол улсын хөгжилд чухал ач холбогдолтой гэдгийг цохон тэмдэглэж байна.

Олон тулгуурт эдийн засгийн бүтцийг улам төгөлдөржүүлэх, эдийн засгийн хүндрэл, хямралаас богино хугацаанд гарах, Монгол улсын эдийн засгийн өсөлт, хөгжлийг хурдасгах үүрэг хариуцлага төрд ч, хувийн хэвшилд ч ногдож буй хариуцлагатай энэ цаг үед тус их хурал болж байгаагаараа чухал ач холбогдолтой юм.

Бид Монгол улсын хөгжил дэвшил, ирээдүйн сайн сайхны төлөө Та бүхэнтэй бүх талаар хамтран ажиллах болно.

Та бүхэнд эрүүл энх, сайн сайхныг хүсэж, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын XIX Их хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13478
0 эможи
keyboard_arrow_up