“АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН 25 ЖИЛИЙН ОЙН БАЯР”-ЫН ХУРАЛ ДЭЭР З.ЭНХБОЛДЫН ТАВЬСАН ИЛТГЭЛ

2014 оны 12 сарын 08
Хүндэт зочид төлөөлөгчид өө
Юуны өмнө Ардчилсан намын гишүүд дэмжигчид, монголын нийт ард түмэндээ Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж ажилд нь амжилт, амьдралд нь аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Өнөөдөр та бид нэгэн агуу түүхийг эргэн дурсахаар цуглаад байна. Хорин таван жилийн өмнө буюу 1989 оны энэ өдрүүдэд одоогийн хүүхэд залуучуудын ордны өмнө Цогтсайхан, Энхбаяр нарын “хонхны дуу” цангинаж, “Монголын ардчилсан холбоо”-ны Санжаасүрэнгийн Зориг, Цахиагийн Элбэгдорж тэргүүтэй залуучууд анхныхаа цуглааныг зохион байгуулж, алс баруун хязгаар Ховдын багшийн дээд сургуулийн багш оюутны улс төрийн тэмцэл эхэлснээр Ардчилсан хувьсгалын галыг асаасан түүхтэй. Нэг намын коммунист дарангуйлал тогтсон БНМАУ-ын хувьд энэ цуглаан үнэхээр эр зоригийн, хамгийн содон цуглаан байлаа. Коммунист тогтолцооны эсрэг монголчууд эрслэн босч, эрх чөлөөнийхөө төлөө тэмцсэн тэр агуу тэмцлийн тугийг та бүхэн чангаас чанга атгаж, ардчилсан хувьсгалын хүчирхэг хонхны дуугаа дуулж манлайлсан билээ. Энэ бол та бидний бахархал. “Монголын ардчилсан холбоо”-ны залуучуудын дуу хоолой эрч хүчээ авч МУИС, Шинжлэх ухааны академийн физик, математикийн хүрээлэнгийн багш, эрдэмтэд гол цөм нь болсон Б.Батбаярын удирдсан “Ардчилсан социалист хөдөлгөөн”, Политехникийн дээд сургуулийн Улс төрийн эдийн засгийн ухааны тэнхимийн багш Д.Батсүхийн тэргүүлсэн эдийн засагчид гол цөм нь болсон “Шинэ дэвшилт холбоо” үүсэн байгуулагдаж, “Монголын оюутны холбоо” ардчилсан хувьсгалын тугийг атгалцсанаар улс төрийн тэмцэл дээд цэгтээ хүрсэн юм. Энэхүү баярын хурал дээр Ардчилсан хувьсгалын хөдөлгөгч хүч болсон “Монголын ардчилсан холбоо”, “Ардчилсан социалист хөдөлгөөн”, “Шинэ дэвшилт холбоо”, “Монголын оюутны холбоо”-ны төлөөлөл хавсралт илтгэлийг тавих учраас миний бие Ардчилсан намын даргын хувьд цаашдын бодлогын асуудлаар та бүхэнтэй санал бодлоо хуваалцах гэж байна. Ардчилсан хувьсгалын галыг асаасан холбоо хөдөлгөөнүүд хүний эрх, зах зээлийн эдийн засаг, парламентийн ардчилал бүхий барууны чөлөөт нийгмийн нэгэн адил улс төрийн намын зохион байгуулалтад шилжих алхамыг амжилттай хэрэгжүүлсэн юм. Байгалийн хууль мэт зайлшгүй шинжтэй хэмээн үнэлэгддэг эдгээр үнэт зүйлс нь монголчуудын хувьд өнийн мөрөөдөл зэрэг нь зарим иргэдийн хувьд огт мэддэггүй зүйл байлаа.

        1990 онд Монголын Ардчилсан нам, Монголын Социал демократ нам, Монголын Үндэсний дэвшлийн нам, Монголын Чөлөөт Хөдөлмөрийн нам зохион байгуулагдаж монголд олон намын тогтолцоо бодитойгоор бий болсон. 1991 онд Монголын Сэргэн Мандлын Нам /МСМН/, Бүгд Найрамдах Нам /БНН/, 1992 онд Монголын Ардчилсан Сэргэн Мандалын Нам /МАСМН/, Монголын Үндэсний Ардчилсан Нам /МҮАН/, Ногоон Нам /НН/, Монголын Шашинтны Ардчилсан Нам /МШАН/, 2000 онд Монголын Ардчилсан Нам /МоАН/, Иргэний Зориг Нам /ИЗН/ үүсэн байгуулагдав.

        Ардчилсан үзэлтэй эдгээр намууд нь монгол оронд ардчилсан нийгмийн суурийг тавих, олон намын тогтолцоог бодитоор бий болгох, чөлөөт сонгуулийг амжилттай явуулах, шинэ нийгмийн харилцааны тухай улс төрийн боловсролыг иргэдэд хүргэх талаар онцгой гавьяа байгуулсан төдийгүй өнөөдрийн ардчилсан намын үндэс суурийг тавьсан юм. Хэдийгээр бид олон намын тогтолцоог бий болгосон хэдий ч хоорондоо өрсөлдөж бүх шатны сонгуульд ялалт байгуулах боломжоо алдаж байлаа. Тийм ч учраас 2000 оны УИХ-ын сонгуульд ганц суудалтай хоцорсон ардчилсан хүчний намууд бодит байдалд улс төрийн дүгнэлт хийж 12 дугаар сарын 06-ны өдөр МАСМН, МҮАН, МСДН, МоАН, МШАН нэгдэж АРДЧИЛСАН НАМ-ыг байгуулсан өдөр тохиож байна. Ардчилсан нам байгуулагдсаны 14 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

        Ардчилсан нам өнгөрсөн 25 жилийн хугацаанд салж бутарч, нэгдэж нийлж, ялж ялагдаж явсаар өнөөдөр ардчиллын төлөө олон намуудыг эгнээндээ нэгтгэсэн, монгол түмнийхээ итгэл сэтгэлийг хүлээж төрийн эрхийг барьж, хариуцлага хүлээх чадвартай хүчирхэг улс төрийн хүчин болж чадлаа. Эрийн цээнд хүрэхдээ улс төрийн олон дарамт шахалттай тулгарсан ч Ардчилсан намын гишүүд, дэмжигчид Та бид улс орныхоо улс төр, эдийн засгийн тусгаар тогтнол, хүний эрх, эрх чөлөө, шинэ Монгол Улсынхаа хөгжлийн төлөө эргэлт буцалтгүй тэмцэж олон арван үнэт зүйлийг бий болгосон. Тухайлбал, Монгол Улс жинхэнэ утгаараа улс төрийн тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж, монголын ард түмэн улс орныхоо жинхэнэ бүрэн эрхт эзэн боллоо. Нэг намын дарангуйллыг устгаж, олон намын тогтолцоонд шилжлээ. Монгол Улс дэлхийд нээлттэй орон болж, монгол хүний эрх, эрх чөлөө Үндсэн хуулиар баталгаажлаа. Эдийн засгийн хувьд зах зээлийн харилцаанд эргэлт буцалтгүй орж, малыг малчдад, орон сууцыг иргэдэд, улсын гэх өмчийг хувийн хэвшилд шилжүүлснээр хувийн өмч хүний амьдралын үндэс, хувийн хэвшил нийгмийн хөгжлийн үндэс болж хувирлаа. Монгол хүн шашин шүтэх эрхээр хангагдаж, сүм хийд сэргэлээ. Монгол хүн дэлхийн улс гүрнүүдэд чөлөөтэй зорчих, сурч боловсрох, ажиллаж амьдрах, хэвлэн нийтлэх, үг хэлэх эрхээр хангагдлаа. Хэвлэлийн эрх чөлөөг тунхаглаж, монголд хэвлэл мэдээллийн орчин үеийн тогтолцоо иж бүрнээр бий боллоо. Хүн бүр хүссэн боловсрол, мэргэжлээ эзэмших таатай орчин бүрдлээ. Төрийн эрх 1996 онд анх удаа нэг улс төрийн хүчнээс нөгөөд тайван замаар шилжсэнээр монголын ард түмний чөлөөт ардчилсан сонголт биелэлээ оллоо. Энэ бүх үнэт зүйлээ баталгаажуулахын төлөө Ардчилсан нам зүтгэж байна. Хэдхэн тоо хэлье. 1940-1990 оны хоорондох 50 жилд Монголын эдийн засаг 10,4 дахин өссөн бол өнгөрсөн 24 жилд 20 дахин өссөн байна. Төсвийн нийт хэмжээ 1995 онд 100 тэрбум төгрөг байсан бол 2015 оны төсөвт энэ үзүүлэлт 7670 тэрбум төгрөг болсон байна. Малын тоо толгой 1990 он хүртэл хэзээ ч 25 саяд хүрч байгаагүй бол 2014 онд 59,2 сая толгойд хүрээд байна. 1990 онд ямар ч шатлалгүй ганц банктай байсан бол арилжааны 17 банктай болжээ. Хүн амын тоо 3 саяд хүрч монгол хүний дундаж наслалт сүүлийн 25 жилд 7 жилээр нэмэгдэж, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76, эрэгтэйнх 68 боллоо. Төрөөс эрүүл мэндэд гаргадаг төсвийн хэмжээ 1992 онд 415 сая төгрөг байсан бол 2015 онд энэ тоо 516 тэрбумаар төсөвлөгдөж байна. 7 дээд сургуультай 16000 оюутантай байсан өнөөдөр 150 орчим дээд сургуультай гадаадад сурч байгаагаа оролцуулаад 200,000 орчим оюутантай болж. 1990 онд Улаанбаатарт 3300 автомашин хөдөлж байсан бол одоо автомашины тоо өрхийн тоотойгоо тэнцэж байна.

        Ардчилсан нам байгуулагдсанаас хойшхи хугацаанд бүх шатны улс төрийн сонгуульд амжилттай оролцож 2012 оны УИХ-ын сонгуульд хамгийн олон суудал авч орон нутгийн сонгуулиар 12 аймаг, 184 суманд  ялалт байгууллаа. 2009, 2013 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд дараалан ялалт байгууллаа. Энэ бол Та бидний амжилт төдийгүй Ардчилсан нам хэрхэн төлөвшиж, хүчирхэгжиж байгаагийн нэгэн баталгаа болж байна. 2000 оны 12 сарын 6 ны билэгт сайн өдөр ардчиллын төлөөх намууд нэгдэж Ардчилсан намыг тунхагласнаар жижиг бүлгүүдийн өрсөлдөөнөөс том бүлгийн нэгдэл рүү, жижиг эрх ашгийн тэмцлээс том нэгдмэл эрх ашгийн тэмцэл рүү ардчилагчид шилжин орсон. 2000 оноос өдий хүртэл Ардчилсан нам өөрийн дүрмэнд тусгасан үнэт зүйлсийг нийгмийнхээ нэгдмэл үнэт зүйл, иргэдийнхээ амьдралын ахисан түвшин болгохын төлөө цуцалтгүй тэмцэж ирсэн.

        Бид зорилгоо “Эрх зүйт төр, хууль ёс, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хувийн өмч, үндэсний хөгжлийг эрхэмлэнэ” хэмээн намын дүрэмдээ тодорхойлсон. Хэрэв бидний 25 жилийн түүхийг сайтар нягталбал энэ үнэт зүйлсийнхээ төлөөх тэмцэл байсан гэдгийг монголын ард түмэн хүлээн зөвшөөрнө. Бид эх орноороо, монгол хүн гэдгээрээ, 2200 гаруй жилийн түүхтэй монгол төрөөрөө үргэлж бахархаж байдаг. Дэлхийн 200 гаруй улсаас Их гүрэн байгуулж дэлхийн хөгжлийг тэргүүлж, урагшлуулж байсан улс гэвэл гарын таван хуруунаас хэтрэхгүй. Тэдний нэг Монголын төрт ёсны уламжлал өнө эртний түүхтэй. Та бүхэн ч анзаарсан байх. Дэлхийн түүхийн нэлээд хэсэг нь Монголын түүх байдаг. Өвөг дээдсийн минь бичиж үлдээсэн түүх өнөө цагт улам арвижин баяжиж байна. Тэр дундаа өнөөдөр Ардчилсан нам төрийн эрх барьж байгаа нь ард түмэн, эх түүхийнхээ өмнө хүлээсэн асар өндөр үүрэг, хариуцлага гэж ойлгож байна.

        Ардчилсан нам бусад нам эвсэлтэй нэгдэж засгийн газраа байгуулж иргэдийн талархлыг хүлээсэн олон ажлыг амжуулж байна. Тухайлбал, орон сууцны найман хувийн зээл, “Шинэ сум” хөтөлбөр гэх мэтчилэн сөрөг хүчин байхдаа боловсруулж, мөрөөдөж байсан ажлууд маань эхнээсээ биелэж байна. Чингис болон самуурай бондын хөрөнгөөр эрчим хүч болон үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх, аймгуудыг нийслэлтэй авто замаар холбох, нийслэл болон аймгуудын төвийн замыг өргөтгөх шинэчлэх бүтээн байгуулалтын төслүүд амжилттай хэрэгжиж байна. Мэдээж хэрэг, энэ бүхэн бидэнд чамлалттай санагдаж байгаа. Монгол Улс эрчимтэй хөгжиж байгаа эдийн засагтай орны тоонд зүй ёсоор ордог хэдий ч гадаад орчин, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уналтаас гадна бидний өөрсдөөс шалтгаалсан хүчин зүйлтэй холбоотойгоор эдийн засгийн тогтворгүй байдал бий болж байгааг бид ухамсартайгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бидэнд хийх ажил маш их байна.         Ардчилсан нам бол илүү баялаг бүтээж, баялаг бүтээгчдээ дэмжих замаар улсын төсвөө бүрдүүлж, баялаг бүтээх чадваргүй хүмүүстээ халамж үзүүлэх замаар ажиллаж амьдарна гэсэн барууны үзэл баримтлалтай нам. Нөгөө талд нийгмийн халамжийг илүүд үздэг олон арван жилийн түүхтэй зүүний нам байна. Тийм болохоор манай оронд нэг л өдөр коммунизмын мөрөөдөл шиг Ардчилал гэдэг сайхан нийгэмд орохоор ажил хийхгүй гэдсээ илээд хэвтэж байгаад өндөр цалин авна гэж бодсон хүн ч байхыг ч үгүйсгэхгүй. Тийм бодол өнөөдөр хэрэгжих боломжгүй. Ардчилал гэхээр юу дуртайгаа хэлж, хийж, замбараагүй байхын нэр огт биш, харин ч иргэн бүр сурч боловсрох, ажиллаж амьдрахын төлөө өөрөө зүтгэдэг, өөрийнхөө болон гэр бүлийнхээ өмнө өндөр хариуцлагатай байхыг шаарддаг хатуу тогтолцоо. Ардчилсан нам ажил хийж байгаа хүн бүхэнд найман хувийн зээл аваад олон жилийн турш буцааж төлөх нөхцөлтөйгөөр орон сууцанд орох боломжийг олгож байна. Энэ бол та ажилтай байж гэмээн гэр бүлтэйгээ тохилог орон сууцанд сайхан амьдарч болно гэж өөрт нь хариуцлага хүлээлгэж байгаа хэрэг.

        Өнөөдөр ардчиллын олгосон эрх, эрх чөлөөг эдлээд Андройд утас, Iphone-ий программыг гэртээ зохиогоод мөнгөтэй болж байгаа монгол залуус бий. Энэ нь монголын залуучуудад ямар их хүч бололцоо байгааг харуулж байна. Тийм ч учраас АН хүний хөгжил улс орны хөгжлийн шийдвэрлэгч хүчин зүйл гэж үзэж хүнээ яаж эрүүл болгох вэ? яаж эрдэм боловсролтой болгох вэ? гэдэг асуудалд онцгойлон анхаарч байдаг юм. Ардчилал хөгжсөн орнуудад хамгийн сайн хэрэгждэг зүйл бол хууль. Хууль буюу бизнесийн тоглоомын дүрэм тодорхой, тогтвортой, тууштай хэрэгждэг байх нь эдийн засгийн өсөлтөд шууд нөлөөлдөг. Бид шүүхийн шинэтгэлийг эрчимжүүлж улмаар хуулийн бусад байгууллагын шинэтгэлийг ч хийж байна. Хуулийн салбарын шинэчлэл бол дан ганц хууль хүчний байгууллагын эрх ашигтай холбоотой бус эдийн засгийн өсөлт, хөгжлийг хангах нэгэн чухал хүчин зүйл болдог. Ардчилсан нам бизнес эрхлэгчдэд эрх мэдэл, албан тушаалаа ашиглан хууль бус элдэв дарамт, шахалт үзүүлдэг явдлыг бүрмөсөн цэглэхийн төлөө байна. Өнөөдөр хувийн өмчийн халдашгүй байдлыг хамгаалсан Өмчийн эрхийн тухай хууль үгүйлэгдэж байна. Үүнтэй нэгэн адил мөрөөрөө явж байгаа баялаг бүтээгчдээ дарамталдаг, айлгадаг биш, харин тэднийг дэмждэг, хамгаалдаг хууль үгүйлэгдэж байна. Монгол Улсын иргэн ч бай, манай улсад оршин суугаа гадаадын хөрөнгө оруулагч ч бай, нэгэн адил эрх зүйн хамгаалалтад ордог хуулийг УИХ баталсан.  Бид авлигатай тэмцэж байгаа ч цаашид улам сайжруулах шаардлагатай ажлууд хүлээгдэж байгаа. Шилэн дансны хууль батлагдаж, мөрдөгдсөнөөр байдал өөр болох ёстой. Иргэдийн хараа хяналт ч сайжрах тул үр дүн гарна.

        Монгол Улс тогтвортой хөгжлийн нэгдсэн зөв бодлогогүйгээс өнгөрсөн 25 жилд салбар хоорондын уялдаа холбоо муутай салангид бодлого давамгайлж хөгжлийн тулгамдсан асуудлаа бодитой шийдэж чадалгүй өнөөдрийг хүрсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үүний уршгаар улс төрийн сонгууль бүхэнд намууд элдэв популист амлалтаар ард түмнээ хуурч эргээд түүндээ бүдэрч улс оныхоо хөгжлийн эрч хүчийг сааруулж байна. Ардчилсан нам улс төрийн намууд аливаа сонгуульд орохдоо популист амлалтаар бус тухайн бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх арга ухаанаараа уралддаг болохыг зорьж байна. Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахын тулд ойрын хугацаанд сайтар боловсруулсан урт хугацааны хөгжлийн стратеги, бодлогыг боловсруулж УИХ-аар батлуулна. Ардчилсан нам хот хөдөөгийн ялгааг бодитой арилгахын тулд хөдөөгийн асуудлыг хотоос ярьж шийддэгээ больж бодит хөрөнгө оруулалтыг орон нутгийн хөгжлийн сан, сум хөгжүүлэх сангаар дамжуулан өөрсдийнх нь мэдэлд өгдөг боллоо. Энэ бол хөгжлийн зөв гарц. Ийм л бодитой өөрчлөлтүүдийг зоригтой хийж байж бүх шатны төрийн байгууллагуудыг хариуцлагажуулах болно.  Хэрэгжүүлж чадвал төрийн албаны хөшүүн хойрго байдал арилж, хүмүүс ямар нэгэн зөвшөөрөл авахын тулд танил тал хайж явахаа болино. Бас хангалттай ажиллаж чадаагүй бол тэр хүнд “Баяртай” гэж хэлдэг, сайн ажиллах юм бол сонгуульд аль ч нам ялсан албан тушаалдаа хэвээр үлддэг тогтолцоотой болохын төлөө байна.

        Манай оронд улс төрийн, эдийн засгийн хүндрэл бэрхшээл тулгарч байгаа хэдий ч эдгээр хүндрэл бэрхшээлийг даван туулж, улс төр, нийгмийн тогтвортой байдал, эдийн засгийн хурдацтай хөгжлөө хадгалж чадна гэдэгт та бүхэн эргэлзэх хэрэггүй. Хоёр том гүрний дунд оршиж байгаа манай орны хувьд эдийн засгийн дотоод хүчин зүйлээ бүрэн дүүрэн ашиглахын хамт газар зүйн байршлын давуу талаа ашиглан төмөр замын, авто замын, нефтийн болон хийн хоолойн, эрчим хүчний, интернетийн шилэн кабелийн дамжин өнгөрөх стратегийн зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө хөрш орнуудтайгаа идэвх тэй, санаачлагатай ажиллах цаг хугацаа тохиож байна. Энэ бол монголын эдийн засгийн хөгжлийг урагшлуулах томоохон боломж гэж Ардчилсан нам харж байна. Ийм үед Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар манай хоёр хөршийн төрийн тэргүүн нар Монгол Улсад айлчлал хийсэн нь манай орны хөрш хоёр оронтой харилцах харилцаанд шинэ үе шатыг эхлүүлэх түүхэн үйл явдал болсон. Өнөөдөр төрийн өмчит компаниудын засаглалд бизнесийн зарчимд суурилсан бодлогыг хэрэгжүүлж, төрийн өмчийн тогтолцоог шинэчилж төрийн өмчийн компаниудын засаглалыг шинэ шатанд гаргах зорилт эхэлж байна. Үйлдвэржилт бол Монгол Улсын эдийн засгийн хувьсгалын үргэлжлэл гэж үзэж байна. Бид төмрийн хүдэр, зэсийн баяжмал, жонш гээд маш их баялгийг боловсруулахгүйгээр гадаад орнууд руу экспортлож байна. Энэ болгоныг үйлдвэр болгож чадах юм бол хүнд үйлдвэрээс салбарласан олон үйлдвэрүүдийг монголд байгуулж олон хүнийг ажилтай болгоно. Хамгийн сүүлийн жишээ бол Эрдэнэтэд байгуулагдсан “Бэрэн металь” гангийн үйлдвэрийг ашиглалтад оруулснаар 1500 гаруй хүн ажлын байраар хангагдаж байна. Цаашид Цахилгаан, шатахуун, гангийн үйлдвэрүүдээ хөгжүүлбэл зөвхөн дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй экспортлох боломж ч бий. Тиймээс үйлдвэржилтийн бодлого Монгол Улсын эдийн засгийн нэн тэргүүний зорилт болж байна. Хариуцлагатай уул уурхай гэдэг бол эдийн засгийн хувьд үр өгөөжтэй, байгаль орчин болон хүний эрүүл мэндэд ээлтэй, нийгмийн хариуцлага хүлээж чаддаг уул уурхайг хэлж байгаа юм. Ардчилсан нам Оюутолгой, Тавантолгой болон бусад ордуудаа хариуцлагатай уул уурхайн зарчмаар ашиглахын төлөө байгаа.  Монгол хүн эх орондоо сайхан амьдарч, Монгол Улс хөгжих ёстой. Ардчиллын эцсийн үр дүн гэхээр нэг юманд тулж зогсох ёстой юм шиг боддог хүмүүс олон байдаг. Хамгийн Товчоор хэлэхэд, ардчилал бол нэг өдөр хүрэх зорилго биш та бидний улсаа хэрхэн авч явах хөгжүүлэх, эцэс төгсгөлгүй үйл явц. Үүнд эцэс төгсгөл гэж үгүй.

Эрхэм журмын нөхөд өө,

Энэ бүх зорилтыг хэрэгжүүлэхэд намын гишүүд дэмжигчдийн шууд оролцоо маш чухал гэдгийг онцлон тэмдэглэж байна. Бид эхлүүлсэн, хийсэн бүхнээ баталгаажуулж “Улсаа улс шиг болгож, Ард түмнээ хүн шиг амьдруулах” зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө тууштай тэмцэх болно. Өнөөдөр 25 насны ойгоо тэмдэглэж байгаа Ардчилсан нам үндэсний хэмжээнд бүтэцтэй, олон улсын ардчилсан холбооны бүрэн эрхт гишүүн, монголын улс төрийн хамгийн нөлөө бүхий нам болсон. Энэ бүхэн та бүгдийн хатуу итгэл үнэмшил, цуцалтгүй дайчин чадвар, хамтын буюу багийн соёлыг хэлбэрэлтгүй дагаж чадсаны үр шим гэдгийг онцлон тэмдэглэж та бүхэндээ баяр хүргэж байна. Өнөөдөр бид ойн баяраа тэмдэглэж, баярын хурал хийж байгаа нь урлагийн тогтолт үзээд тарах арга хэмжээ бус, харин бид өөрсдийн үзэл бодлоо олон нийтэд тайлбарлаж, таниулах үйл хэрэг юм.  Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тэмдэглэж, дүгнэж цэгнэж, цаашдаа хэрхэх талаараа ярилцах нь өөрөө ардчиллын талаар хүмүүст, ялангуяа залууст мэдээлэл өгөх боломж нээж байгаад ач холбогдол нь байгаа юм. Та бүхэнд болон ардчилсан хувьсгалын анхдагчид, нам хөдөлгөөний үе үеийн зүтгэлтэнүүд, нийт дэмжигчиддээ Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн баярын мэндийг дахин дэвшүүлж, Ардчиллын үнэт зүйлээ баталгаажуулахын төлөө тэмцэлдээ их амжилт олохыг хүсэн ерөөе.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13390
0 эможи
keyboard_arrow_up