Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээлэл, үйлчилгээ, удирдлагын төвийн нээлт боллоо

2014 оны 12 сарын 05

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн "Том төрөөс-Ухаалаг төр" санаачилгын хүрээнд Монгол Улсын Их Хурлын Тамгын газарт хийж хэрэгжүүлсэн Мэдээлэл, үйлчилгээ, удирдлагын төвийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2014.12.05/ боллоо.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд тус төвийн нээлтийн ёслолын үеэр хэлсэн үгэндээ, "Монгол Улсын Ерөнхийлөгчийн Ухаалаг төр санаачилгыг хэрэгжүүлж байна. Аливаа байгууллагын үйл ажиллагааны бизнес модель, процесст нарийвчилсан анализ хийж, оновчтой болгож чадвал ажилбар бүрийн явц, хугацаа зэргийг хэмжиж болдог, удирдахад төвөггүй болдог арга бий. Төрийн байгууллага бүрийн үйл ажиллагаанд анализ хийж, дахин инженерчлэл хийхээс ухаалаг төрийг бүтээх ажил эхэлнэ гэж үзэж байна.

Ажилтандаа нэг компьютер авч өгснөөр мэдээллийн технологи нэвтрүүллээ гэж хэлж болохгүй. Харин үйл ажиллагаандаа анализ хийж, үр ашигтай болгосныгоо компьютерт оруулснаар оновчтой болдог. Улсын Их Хурлын Тамгын газрын бүх үйл ажиллагаанд цогц анализ хийж, дахин инженерчлэл нэвтрүүлэн, шинэ дизайнаар туршилт хийж байна. Энэ ажлыг гадны мэргэжилтнүүдийн тусламжтайгаар Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд өөрсдөө хийж гүйцэтгэсэн.

Дахин инженерчлэл хийснээр үйл ажиллагаан дээр илүү төвлөрдөг, үйл ажиллагаагаа хэмждэг, удирддаг, цаасан мэдээллээс тоон датанд шилжиж, байгууллагын ой санамж бий болдог. Мөн дотоод мэдээлэл солилцооны системийг оновчтойгоор шийдвэрлэсэн. Ийнхүү Улсын Их Хурлын Тамгын газарт дахин инженерчлэл хийгдснээр нийт 416 процесс бүртгэгдээд байгаа. 

Төрийн байгууллагад дахин инженерчлэл анхны тохиолдол нь энэ биш, өмнө нь Улсын Прокурорын Ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороонд хийгдэж дууссан. Тэр туршлага, үр дүнг энэ удаа авч хэрэгжүүлж байна. Цаашид Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар гэх зэргээр төрийн бүх байгууллага дахин инженерчлэл хийснээр ухаалаг төрийн ажлын эхний шат дуусна" гэв.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав прокурорын байгууллагад амжилттай нэвтрүүлсэн дахин инженерчлэлийн туршлагынхаа талаар танилцуулсан. Тэрээр "Хоёр жилийн өмнө прокурорын байгууллагын бүх үйл ажиллагааг нэгтгэсэн мэдээллийн бааз бий болгох зорилт тавьж ажиллаж эхэлсэн. Нэг гэмт хэргийг шалгахаас эхлээд захиргааны бүх ажил Улсын Прокурорын Ерөнхий газрын бүх үйл ажиллагаа программчлалд орсон. 

Үйл ажиллагааны онцлогоос болоод манай ажилд цаг хугацаа чухал байдаг бөгөөд программчлалд орсноор хүн нэг бүр дээр үйл ажиллагааны гүйцэтгэлийн цагийн тоолуур ажилладаг болсон. Ингэснээр бүтээмж нэмэгдсэн. Мөн нэгж дээр үйл ажиллагааг нэгтгэж хянадаг мэдээллийн төвтэй. Дахин инженерчлэл нэвтрүүлсэн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд маш их цаг хугацаа хожиж, цаас хэмнэж байгаа. Хаана, юу болж байна, юу болохгүй байна гэдгийг богино хугацаанд мэдэж, зохицуулалт хийж байгаагаараа ажлын үр бүтээмжийг эрс нэмэгдүүлснийг энд онцолмоор байна" хэмээсэн юм.

Ийнхүү Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээлэл, үйлчилгээ, удирдлагын төвийг нээж Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонго нар тууз хайчлан, ёслолд оролцогчдыг тус төвийн үйл ажиллагаатай танилцахыг урив.

Монгол Улсын Их Хурлын Тамгын газарт хийж хэрэгжүүлсэн Мэдээлэл, үйлчилгээ, удирдлагын төвийн нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын Тамгын газрын нарийн бичгийн дарга Б.Цэвээнпүрэв, Улсын Их Хурлын Тамгын газрын нарийн бичгийн дарга Н.Отгончимэг, Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Балгансүрэн, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жим Андерсон нар болон албаны бусад хүмүүс оролцов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13330
0 эможи
keyboard_arrow_up