“Тогтвортой амьжиргаа-3” төслийн санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

2014 оны 12 сарын 03

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо /2014.12.03/ өнөөдөр үдээс хойш хуралдаж, гурван асуудал хэлэлцэв.

Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Тогтвортой амьжиргаа-3”, “Боловсролын чанарын шинэчлэл”, “Цахим эрүүл мэнд”, “Ухаалаг засаг” төслүүдийн санхүүжилтийн хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцөх тухай асуудлыг Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд ирүүлэх ёстой байсан юм.

Харин Төсвийн байнгын хороо эдгээр зээлийн санхүүжилтийн хэлэлцээрийн төслүүдээс "Тогтвортой амьжиргаа-3 төслийн санхүүжилтийн хэлэлцээр"-ийн төслийг зөвшилцөхийг дэмжиж, бусад төслүүдийг хэлэлцэхийг хойшлуулах тухай санал, дүгнэлт ирүүлсэн бол Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдаад “Тогтвортой амьжиргаа-3” төслийн санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийг хэлэлцэхийг дэмжих боломжгүй гэж үзсэн байна.

Иймээс Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх "Тогтвортой амьжиргаа-3 төслийн санхүүжилтийн хэлэлцээр"-ийн төслийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэв. Энэ тухай хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Оюун танилцуулсан юм.

Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Тогтвортой амьжиргаа-3” төслийн хүрээнд улсын хэмжээнд уг төслийн 1, 2 дугаар үе шатуудад хэрэгжүүлж нэвтрүүлсэн арга, механизмыг бүрэн хэвшүүлэх, Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг орон нутагт дэмжих, шаардлагатай чадавхи, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд техникийн дэмжлэг үзүүлэх, орон нутгийн хөгжлийн сангийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, сайн гүйцэтгэлийг нэмэлт хөрөнгө хуваарилах замаар урамшуулах, төслийн удирдлага, хяналт-шинжилгээ үнэлгээ зэрэг үйл ажиллагааг 2017 он хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх юм байна. Уг төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах 23,5 сая ам.долларыг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци санхүүжүүлэх бөгөөд санхүүжилтийн ихэнх хувийг орон нутгийн түвшинд хийх хөрөнгө оруулалтыг дэмжихэд зориулах аж. Харин Швейцарийн хамтын ажиллагаа, хөгжлийн агентлаг техникийн тусламжийн зардлыг санхүүжүүлэхэд шаардагдах 11.4 сая ам.долларыг нэмж санхүүжүүлэх боломжтойгоо илэрхийлжээ. Уг зээл нь жилийн 1.25 хувийн хүүтэй, эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд зээлийг 20 жилийн хугацаанд барагдуулах юм байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж тодруулан саналаа хэлсэн бөгөөд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл “Тогтвортой амьжиргаа-3” төслийн хяналт, зээлийн бодлого, төсөл хэрэгжүүлэх нэгжийг Сангийн яамны дэргэд төвлөрүүлэх санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх нь дэмжив.

Ингээд байнгын хорооны гишүүдийн олонх нь “Тогтвортой амьжиргаа-3” төслийн санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжсэн тул энэ тухай Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтов. Харин Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх бусад зээлийн хэлэлцээрийн төслүүдийг төсөл санаачлагчид нь буцааж, шинэ Засгийн газар төслүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзвэл дахин оруулж ирэх нь зүйтэй гэж үзэв.

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төслүүдийг дагалдуулан өргөн мэдүүлсэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, боловсруулалтын шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр хуулийн төслийг Засгийн газарт буцаах нь зүйтэй гэсэн санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Дараа нь Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс ирүүлсэн Тайлбар гаргуулах тухай албан бичгийг Байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар байнгын хорооны гишүүдэд танилцуулж, саналыг нь сонсов. Засгийн газрын 2014 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас АНУ-тай 2013 оны 9 дүгээр сарын 24-нд байгуулсан “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл” өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн нь Үндсэн хууль зөрчсөн талаарх иргэдийн мэдээлэлтэй холбогдуулан Байнгын хорооны хуралдааны тэмдэглэл, бусад нотлох баримтыг гаргаж ирүүлэх хүсэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс тавьсан байна.

Энэ асуудлын талаар байнгын хорооны гишүүдийн олонх нь чуулганаар хуулийн төслийн хэлэлцүүлэг хийгдээгүй, соёрхон батлагдаагүй байгаа учраас Үндсэн хуулийн цэцэд тайлбар өгөх шаардлагагүй гэсэн байр суурьтай байгаагаа хэлж байв. Харин гишүүн Л.Болд энэ хуулийн төслийн хэлэлцүүлгийг ойрын үед нэг тийш болгоход УИХ анхаарах нь зүйтэй гэсэн бол гишүүн З.Энхболд энэ бол Үндсэн хуулийн цэцийн асуудал биш учраас тайлбар өгөх шаардлагагүй. Байнгын хороо асуудлыг зөвшилцдөг, УИХ хуулийг соёрхон баталдаг. Иймээс хууль батлагдсанаас хойш яригдах асуудал учраас наана нь тайлбар өгөх тухай асуудал байж таарахгүй гэлээ. Иймээс энэ талаар санал хураах шаардлагагүй гэж үзээд Байнгын хорооноос Үндсэн хуулийн цэцэд албан бичиг хүргүүлэхээр тогтлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13174
0 эможи
keyboard_arrow_up