Парламент сөрөг хүчингүй байх нь зөв үү

2014 оны 12 сарын 03

Xалуун намраас эхлэн улс төрийн үйл явц буцалж Н.Алтанхуягаар толгойлуулсан Засгийн газрыг өнгөрсөн аравдугаар сард унагаж оронд нь Ч.Сайханбилэгээр удирдуулсан Засгийн газрыг юу юугүй байгуулах дээрээ тулаад байна. АН-ын ҮЗХ-ноос шинэ ЗГ-ийг УИХ-д суудалтай бусад нам болон эвслийн бүлгүүдтэй хамтарч байгуулах үүрэг даалгавар өгсөн. Тэгвэл 24 цагийн өмнө л Засгийн газарт орохгүй, сөрөг хүчний дүрээр ирэх жил гаруй хугацааг дуусгана гэж мэдэгдэж байсан МАХН гэнэтхэн л Засгийн газарт орохоор боллоо. Үүнийгээ баталж АН-ын ажлын хэсэгтэй уулзалт хийж, гарын үсгээ зураад батлагаажуулаад явчих нь тэр.
 Нэг өдрийн дотор тэдний бодол санааг бүтэн эргүүлэх ямар зүйл болсон бэ гэвэл Солонгост эмчлүүлж буй МАХН-ын дарга Н.Энхбаяр, саяхан мотоциклээс унаж хүнд гэмтэл авч Солонгост эмчлүүлэхээр явсан Н.Алтанхуяг нарын уулзалттай холбоотой ажээ. Экс дарга нарын уулзалтаас улбаалж МАХН суурин дээрээ 360 градус эргэж орхилоо. Засагт хамтрах асуудлаар энэ сарын 2-ны өдрийн 17 цагийн орчимд МАХН-ын Ерөнхий нарын бичгийн дарга Г.Шийлэгдамбаас тодруулахад “МҮАН бол шинэ Засгийн газарт хамтрана. Харин манай гишүүд хамтрахгүй гэдгээ өнөөдөр бүлгийн хурал дээрээ хэллээ. Ингээд хоёр нам хоёр талд энэ асуудлаар ярилцаж байна. Нэгдсэн шийдвэрээ хараахан гаргаагүй байгаа. Гэхдээ манай гишүүд Засгийн газарт орохгүй гэдгээ бүлгийнхэндээ албан ёсоор мэдэгдээд байна” гэсэн хариулт өгсөн юм.
 Харин маргааш өглөө нь хэвлэлийнхэнд “Өчигдөр МАХН-ын Гүйцэтгэх товчоо 23.00 цаг хүртэл хуралдаж, хамтарсан Засгийн газарт үргэлжлүүлэн ажиллах нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрсэн. Түүнээс өмнө “Шударга ёс” эвслийн бүлэг дээр хоёр намын асуудлаар нэгдмэл нэг шийдвэрт хараахан хүрч чадаагүй. Тус тусынхаа эвслийг бүрдүүлж байгаа нам дотроо ярилцаж , шийдвэр гаргасан. МАХН-ын зүгээс хэд, хэдэн асуудал хэлэлцэж, шийдвэрлэсний эцэст хамтрана жиллах шийдвэрийг гишүүдийн олонх нь дэмжсэнээр үргэлжлүүлэн ажиллахаар боллоо. 2012 онд намуудын дэвшүүлсэн, тэр дундаа “Шударга ёс” эвслийн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн ажиллах тал дээр  АН-ын ажлын хэсэгт цаашид хийгдэх гэрээнд тусгах нь зүйтэй гэсэн чиглэлийг МАХН-ын Гүйцэтгэх товчооны зүгээс гаргасан” гэж хэллээ.  Ямарч хурдан өөрчлөгддөг шийдвэр вэ дээ. МАХН-ынхан даргынхаа өгсөн үүрэг даалгаврыг бүхнээс тэргүүнд тавьж чаддаг болохоо олон нийтэд тодхон харууллаа. Ийнхүү МАХН шинэ засагт орох болсоноор Ардчилсан намын хүсэлтээр УИХ-д суудалтай бүх намуудыг багтаасан “Бүдүүн Засгийн газар” байгуулагдлаа. Ингэснээр парламент доторх тэнцвэрт харьцаа алдагдаж, сөрөг хүчингүй болох нөхцөл байдал үүслээ. Ялангуяа парламентад сөрөг хүчний дүр, олонх, цөөнх гэдэг ойлголтыг бий болгосон нам бол Ардчилсан намынхан. Тэр ч утгаараа тэд өөрсдийгөө Монгол оронд ардчилсан хувьсгалыг хийж, ардчилалын зарчмыг төлөвшүүлсэн “Ардчиллалын эх сурвалж”-ууд гэж цээжээ дэлддэг. Гэтэл тэд ардчилалын зарчмаас хазайсан хамгийн хууль бус Засгийн газрыг байгуулахаар ажиллаж эхэллээ.  Энэ ер нь зөв сонголт мөн үү. Өнгөрсөн жилүүдэд хамтарсан Засгийн газар олонтаа байгуулагдаж байсан ч энэ удаагийнх шиг сөрөг хүчингүй болж байсан тохиолдол нэг ч байхгүй. Ямар нэгэн байдлаар парламентад сөрөг хүчний дуу хоолой байсаар ирсэн.
Үүсээд буй өнөөдрийн нөхцөл байдлын дараагаар УИХ-д сонгогдсон бие даагчид парламентад сөрөг хүчин болно гэж ярьж байгаа боловч амьдрал дээр энэ нь хэзээ ч биелэхгүй зүйл. Үнэндээ тэд сөрөг хүчин болж чадахгүй.  УИХ дахь сөрөг хүчин гэдэг нь албан ёсны бүлэгтэй, бүлэг байгуулхуйц хэмжээний гишүүдтэй, бүлгийн даргатай, УИХ болон байнгын хорооны хурлаас завсарлах авах чадамжтай бас хүчтэй байх ёстой. Түүнээс биш гуравхан хүн нийлж суугаад сөрөг хүчин болдоггүй юм. Нөхцөл байдлыг ийм болгосон Ардчилсан намынхан өөрсдийнхөө ардчилагчид гэдэг авторыг устгаж өдий хүртэл алхаж ирсэн замаасаа нэг шат ухарч байна уу гэлтэй.
 Ер нь 2012 оны сонгуулийн үр дүнг эрүүлээр харахад Засгийн газрыг хамтарч байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн юм. Тэр ч бүү хэл МАН болон АН хоёрыг хамтарч засаг байгуул гэсэн мэт хэн хэнд нь ялалтыг атгуулалгүй ойролцоо суудлыг сонгогчид хуваарилсан. Гэхдээ тэдэнд ямар нэгэн байдлаар хяналт хэрэгтэй гэсэн үндэслэлээр УИХ-д гуравдахь хүчнийг оруулж ирэх сонголтыг ч хийсэн.  Энэ бол ард түмний сонголт . Шударга ёс эвслийн бүлэг шиг ийм олон суудалтай гуравдагч хүчин урд өмнө нь Монголын парламентад байсангүй. МАХН ч ард түмний итгэлийг хөсөрдүүлэлгүй үүссэн нөхцөл байдалд дүгнэлт хийж сөрөг хүчин болж ажиллах ёстой байлаа. Өмнө нь С.Баярын байгуулсан МАНАН-гийн үед  засаг хэдийгээр сайн ажилсан ч хяналт хэрэгтэй юм байна гэдгийг ард түмэн ухаарсан юм. Гэтэл 2012 онд АН ард түмнээс арав хүрэхгүй хувийн дэмжлэг авсан “Шударга ёс” эвслийн бүлэгтэй хамтарч Засгийн газар байгуулсан. Эцэст нь “Шударга ёс” эвслийнхэн нь засгийг унагах кнопыг дарчихсан. Одоо л бүх зүйл байх ёстой байрандаа орж АН болон МАН хамтрах нь гэтэл дунд нь Эвслийнхэн хавчуулагдаж, парламент сөрөг хүчингүй боллоо. Асуудалд хяналт тавих ёстой сөрөг хүчин байхгүй байна гэдэг маш том эрсдлийг араасаа дагуулна. МАХН засагт хамтарвал нэгээс хоёр яамыг тэдэнд өгнө. Ингэхийн тулд шинэ яам ч байгуулах магадлалтай. Тиймээс МАН парламентыг сөрөг хүчинтэй нь үлдээхийн тулд АН-д шахалт үзүүлэх цаг боллоо. Үгүй бол өөрсдийнх нь ярьж, хэлж байсан шиг нь хэт данхайсан засаг байгуулагдах гэж байна. Засгийн газрыг сөрөг хүчинтэй нь үлдээхгүй бол өнөөдрийг хүртэл ярьж, хэлж байсан зүйлээсээ МАН татгалзаж, амьдрал дээр ам ажил хоёр нь  зөрөх нь.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13132
0 эможи
keyboard_arrow_up