БОХХААБХ -ны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ

2014 оны 12 сарын 02

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2014.12.02/ хуралдаан 12 цаг 25 минутад гишүүдийн 52 хувийн ирцтэй эхэллээ.

Хуралдаанаар эхлээд Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл/Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн/-ийг хэлэлцэх эсэхийг шийдэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Оюун танилцуулсан. Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүд гараагүй тул тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүд 81,8 хувийн саналаар дэмжив.

Үүний дараа Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, Ж.Энхбаяр, С.Дэмбэрэл, Ц.Цолмон нар асуулт асууж хариулт авлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, ойгоос хэрэглээний болон түлээний мод бэлтгэх зөвшөөрөл олгох зүйл, заалтыг хуулийн төслөөс яагаад хассан талаар тодруулж, энэ заалтыг хассанаар модны хулгай замбараагүй болж, дуртай нь мод бэлтгэдэг зохисгүй үйлдлүүд гарна гэсэн шүүмжлэлийг хэлсэн. Гишүүний асуултад салбарын сайд өгсөн хариултдаа, хуулийн төсөл өргөн баригдахад техникийн алдаанаас болж энэ зүйл, заалт хасагдсан байсан. Энэ заалт хуулийн төсөлд зайлшгүй байх ёстой. Иймээс ажлын хэсэг дээр төсөлд буцааж оруулах саналыг оруулна гэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, химийн хортой болон аюултай бодисын ангилалыг тодорхой болгох шаардлагатайг хэлж байсан бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Цолмон, зөвшөөрлийг багасгах, оновчтой олгоход анхаарах хэрэгтэйг сануулж байсан юм.

Ингээд хуулийн төслийн талаар гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, гарсан саналуудыг дэмжсэнээр Байнгын хороо санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13088
0 эможи
keyboard_arrow_up