УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар Дэлхийн банкны суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав
Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар өнөөдөр /2014.12.01/ Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жим Андерсоныг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд ноён Жим Андерсон Улсын Их Хурлын эрхэм гишүүнд хандан цаг зав гарган хүлээн авч буйд талархал илэрхийлэв. Мөн Дэлхийн банкнаас Монгол Улсад хэрэгжүүлэхэд бэлэн болоод буй “Ухаалаг засаг”, “Тогтвортой амьжиргаа хөтөлбөрийн гуравдугаар үе шат”, “Боловсролын чанарын шинэчлэл”, “Цахим эрүүл мэнд” зэрэг дөрвөн төслийг холбогдох Байнгын хороодоор хэлэлцүүлж, ойрын хугацаанд Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхэд дэмжлэг үзүүлнэ хэмээн найдаж буйгаа илэрхийлсэн юм. Эдгээр төслийг хэрэгжүүлэх талаар нэлээд урт хугацаанд яригдаж байна. “Тогтвортой амьжиргаа хөтөлбөрийн гуравдугаар үе шат” төслийн тодорхой хувь нь Щвейцарийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар санхүүжихээр төлөвлөгдсөн байгаа. Харин төслийн хэрэгжих хугацаа энэ мэтээр дахин хойшлох юм бол Щвейцарийн Засгийн газраас буцалтгүй тусламжийг эргүүлэн татах талаар яригдаж байгаа гэдгийг дуулгав.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар Дэлхийн банкнаас Монгол Улсад хэрэгжүүлэх гэж буй эдгээр төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд “Гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн үр дүнд олон нийт сэтгэл хангалуун бус байдаг. Тиймээс Улсын Их Хурлаас эдгээр төслийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй байлгах чиглэлийг Засгийн газарт өгөх нь зүйтэй гэж үзэж байгаа” гэлээ.
Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар Монгол Улсын төр засгаас авлигын асуудалд нэлээд анхаарал хандуулж, холбогдох хэлэлцүүлэг, судалгаа хийж байна. Дэлхийн банк олон оронд энэ төрлийн төсөл хэрэгжүүлсэн туршлагатай. Тиймээс цаашид Монгол Улстай хамтран авлигыг бууруулах чиглэлээр төсөл хэрэгжүүлэх талаар судалж үзэхийг хүссэн бөгөөд ноён Жим Андерсон уг саналыг Дэлхийн банкны зүгээс дэмжиж ажиллах боломжтой.