Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

2014 оны 11 сарын 28

Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2014.11.28/ үдээс өмнөх хуралдаан 10.25 цагт гишүүдийн 51,3 хувийн ирцтэй эхэлж, Улсын Их Хурлын дарга хуралдаанаар хэлэлцэх дөрвөн асуудлыг танилцуулж, баталлаа. Хуралдаанаар эхлээд Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.Оюун, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан нар танилцуулав.

Хүн амын бодлого нь хүн амын ирээдүйн хэв маяг, хандлагын өөрчлөлтийн дүнд хүмүүсийн сайн сайхан байдлыг дээшлүүлэх, хүн амын амьдралын чанарыг сайжруулахыг зорьдог.

Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогод хийсэн дүн шинжилгээгээр энэхүү бодлогын зорилго, хүрэх үр дүн, хэмжих хэмжүүрүүд тодорхой бус гэсэн дүгнэлт гарсан байна. Учир нь бодлогод туссан асуудлуудын салбар дундын зохицуулалтыг зааж өгөөгүй, бодлогын зорилго, зорилтууд нь хэт ерөнхий туссанаас бодлогыг бодитойгоор үнэлж, дүгнэх боломжгүй байгаа аж.

Үүний үндсэн учир шалтгаан нь тус бодлого үндэслэлгүй, нөхцөл байдлын дүн шинжилгээгүйгээр боловсруулагдсанаас үүдэлтэй гэж төсөл санаачлагч үзсэн байна . 2004 оны бодлогын зорилтыг Монгол Улсын хүн амын одоо, ирээдүйн чиг хандлага, хэтийн тооцоололд нөхцөл байдлын шинжилгээ хийлгүйгээр тодорхойлсон нь бодлого дөнгөж батлагдсаны дараахнаас эхэлсэн хүн ам зүйн шилжилтийн асар том үйл явдал болох хүн ам зүйн цонх үеийг тусгаагүй байгаа тул бодлого хүн ам зүйн цонх үед тохиох хүн амын асуудлыг бүрэн хамарч, тулгамдсан асуудлуудыг нийгэм-эдийн засгийн хөгжлийн явцад харилцан уялдаатайгаар цогц байдлаар шийдвэрлэхээр төсөлд тусгажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл, С.Бямбацогт, Д.Оюунхорол, Г.Уянга, С.Дэмбэрэл, Н.Батцэрэг нарын тавьсан асуултад Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын бодлого, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч С.Эрдэнэ хариулт өгөв. Гишүүдийн зүгээс өнөөдөр хүн амын гуравны нэг нь нийслэлд амьдарч байгаа нь сөрөг нөлөө үзүүлэхээр хэмжээнд хүрснийг онцолж, нийслэл рүү чиглэсэн их нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг багасгах асуудлыг хүн ам зүйн бодлогын хүрээнд хэрхэн шийдэх асуудлыг хөндсөн. Мөн нөхөн үржихүйн бодлого, түүний дотор олон хүүхэд гаргасан ээжүүдийг урамшуулах болон бүтэн өнчин хүүхдийг дэмжихийн тулд төрөөс ямар бодлого барих, хүн амыг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бий болгох, төр, хувийн хэвшлийн түншлэлийг яаж дэмжих зэрэг асуудлыг тодотгож байсан юм.

Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын бодлого, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч С.Эрдэнэ өгсөн хариултдаа, Хүн амын бодлогын баримт бичгийг 2004 онд боловсруулсан бөгөөд энэхүү баримт бичгийг судалж үзэхэд тунхагын шинжтэй байдаг. Иймд төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогыг боловсруулахдаа хүн амын хөгжлийн эрх зүйн цоо шинэ орчин бүрдүүлэх зорилтыг тусгасан бөгөөд энэ бүхэнд суурилсан эдийн засгийн бодлого явах ёстой. Мөн хөдөө орон нутаг, нийслэлд амьдарч байгаа иргэдийн амьдралын чанар адил байх, цаашлаад хөдөө орон нутгийн иргэдийн амьдрал хотын иргэдийн амьдралаас давуу байх асуудал нийгмийн зөв тогтолцоог бүрдүүлснээр бий болно гэж харж байгаа. Бодлогын хүрээнд 50 гаруй зорилтыг тусгасан. Энэ нь салбар дундын түвшинд үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх хүн амын хөгжлийн суурь цогц бодлого юм. Өмнө нь материаллаг тал руу хэт анхаарч, хүн амын хөгжлийн бодлогыг орхигдуулж ирсэн. Үүнийг яаж богино хугацаанд нөхөх, хүн амын цонх үед хэрхэн оновчтой хэрэгжүүлэх нь чухал гээд, хүн амын цонх үед бодлогоо зөв боловсруулах юм бол хөгжлийг хурдасгах боломжийг бий болгодог практикийг бусад улс орны жишээн дээрээс харж болно. Ялангуяа бүсчилсэн хэлбэрээр хүн амын амьжиргааны чанарын асуудлыг тавих ёстой гэв.

Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Р.Амаржаргал нар төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг хэлэлцэхийг дэмжихгүй байгаагаа илэрхийлж, байр сууриа илэрхийллээ.

Ингээд тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 68,6 хувийн саналаар дэмжив. Ингэснээр тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12895
0 эможи
keyboard_arrow_up