Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Улсын Их Хурлын чуулганы /2014-11-27/ үдээс хойшх нэгдсэн хуралдаанаар Хүүхэд харах үйлчилгээний тухай болон түүнд холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг асуулт, хариултаар үргэлжлүүлэв.
Улсын Их Хурлын гишүүд дээрх хуулийн төсөл санаачлагч болон ажлын хэсгийнхэнд хандаж тавьсан асуултдаа, дээрх хуулийн төслийн үзэл баримтлал нь шат шатны боловсролын нэгдсэн бодлого, тогтолцоо, стандартад нийцэж байгаа эсэх, хүүхэд харах үйлчилгээний хувьсах зардал, санхүүжилт ямар байх, үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрлийг хэрхэн олгох, үйлчилгээнд нь хяналт тавих, эцэг, эхийн зөвлөлтэй байх эсэх, хүүхдийг хөгжүүлэх, тэдэнд мэдлэг, боловсрол олгох асуудал төсөлд хэрхэн тусгагдсан зэрэгт анхаарал хандуулж хариулт авав.
Улсын Их Хурлын зарим гишүүд саналаа илэрхийлэхдээ, хуулийн төсөлд хариуцлага, хяналтын тогтолцоо хангалтгүй, төвийн эрх үүрэг нь тодорхой бус байгаад шүүмжлэлтэй хандахын зэрэгцээ боловсролын тогтолцоог иж бүрнээр нь авч үзэх, энэ хүрээнд өмнөх тогтолцоог улам бэхжүүлэх буюу уялдуулахад анхаарах, эцэг эхийн хариуцлага, оролцоог нэмэгдүүлэх талаар ярив.
Энэ хуулийн төслийг хэлэлцэж баталснаар, өрсөлдөөн бий болж улмаар хүүхэд харах төвийн үйлчилгээ нь илүү чанартай, стандартад илүү нийцсэн байх болно гэж үзэж байгаагаа тэд илэрхийллээ.
Улсын Их Хурлын гишүүдийн олонх энэ хуулийн төсөл болон түүнд холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж улмаар анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.
Дараа нь Батын Хурцыг Авлигатай тэмцэх газрын дэд даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж дэмжсэнээр Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан ажлаа өндөрлөв.