Гэр бүлийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

2014 оны 11 сарын 27

Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2014.11.27.Пүрэв гараг/ нэгдсэн хуралдаан 10 цаг 40 минутад 55.3 хувийн ирцтэй эхэлж, 8 асуудал хэлэлцэхээр тогтов. Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын дарга зарим хуулиудын төслийн эцсийн найруулгыг танилцууллаа.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв. Эдгээр хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг 11 дүгээр сарын 21-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, гишүүд хуулийн төслүүдтэй холбогдуулан асуулт асууж, саналаа хэлсэн юм. Иймээс чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Гэрийн бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төслийг дагалдаж зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 73.9 хувь нь дэмжсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв.

1999 онд баталсан Гэр бүлийн тухай хуулийг нийгмийн хөгжлийн зүй тогтол, хүний хөгжил, хүүхдийн эрх, хүний эрх, эрх чөлөөний талаарх олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэн боловсруулж, гэр бүлийн хөгжил, хүүхдийн эрхэд суурилсан зарим өөрчлөлтүүдийг оруулан 11 бүлэг, 121 зүйлтэйгээр шинэчлэн найруулжээ. Энэ хуулийн төсөлтэй холбогдуулан Иргэний бүртгэлийн тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон Иргэний хууль зэрэг хэд хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хамтад нь боловсруулсан байна.

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Хүүхдийн төлөө үндэсний газрыг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн агентлаг болгож нийслэл, аймаг, орон нутагт Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан бүтэцтэй байхаар тусгасан хэдий ч улсын төсөвт ачаалал нэмэгдүүлэхгүй байх үүднээс одоо ажиллаж буй хөгжлийн нийгмийн ажилтныг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтнаар шилжүүлэн ажиллуулахаар тусгасан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12833
0 эможи
keyboard_arrow_up