Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын мэндчилгээ дэвшүүллээ
Бүгд Найрамдах Улс тунхагласны 90 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан нийт ард түмэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Монгол Улс ХХ зууны эхэн үед хэмжээгүй эрхт хаант засгаас хэмжээт эрхт хаант засагт, түүнээс Бүгд Найрамдах засагт шилжсэн нь тухайн цаг үед том дэвшил байлаа.
1924 оны энэ өдөр Монгол Улс анхны Үндсэн хуулиа баталж, хаант засаглалын хэлбэрээс Бүгд Найрамдах засагт шилжсэнээр эрх чөлөө, тусгаар тогтнолоо баталгаажуулж, анх удаа сонгож байгуулах парламентын эх үндсийг тавьсан гэж үзэж болно.
Анхдугаар Үндсэн хуулийг өнөөдрийн өндөрлөгөөс харахад, хүний эрхийг зөрчиж, ардчилалд хязгаарлалт тавьсан хэдий ч эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангах, иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хуульчилсан нь чухал ач холбогдолтой юм.
1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглан түүнийг Үндсэн хуулиар баталгаажуулснаар төрийн тэргүүн болон төрийн засаглалын дээд байгууллагуудыг ард түмэн тодорхой хугацаагаар сонгох эхлэлийг тавьсан байна. Тухайн үеийн Улсын Их Хурал төрийн эрх барих дээд байгууллага байсан бөгөөд Улсын анхдугаар Их Хурлаас Улсын Бага Хурлыг 30 гишүүнтэй сонгож байгуулсан байдаг.
Энэ Улсын Бага хурал 1990 оных шиг байнгын ажиллагаатай байгаагүй боловч Улсын Их Хурлын чөлөө цагт төрийн дээд эрхийг барих, хууль тогтоох, улс орны хөгжлийн асуудлыг шийдвэрлэх, ард олны төлөөллийн байгууллага болж байсан түүхтэй.
Монголчууд бид 1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнд 1992 оны шинэ Үндсэн хуулиа баталж, хүний эрх, эрх чөлөө, сонгуулийн ардчилал, олон намын тогтолцоо, тэгш боломж, ил тод байдал зэрэг ардчиллын үнэт зүйлсийг баталгаажуулж чадсан.
Ардчиллын үндсэн зарчмуудыг тууштай хэрэгжүүлэн, улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, ардчилсан ололтуудыг бэхжүүлж, үндэсний эрх ашиг, эв нэгдлээ дээдлэн эрх чөлөөт иргэдийн хариуцлагатай нийгмийг төлөвшүүлэх нь Та бидний эрхэм үүрэг, үндсэн зорилго болж байна. Энэ эрхэм үүрэг зорилгоо хэрэгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.
Та бүхэнд дахин баярын мэнд дэвшүүлж, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
УЛСЫН ИХ ХУРЛЫН
ДАРГА ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД