Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2014.11.25/ хуралдан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд бүрэн тусгаж, дэмжсэн саналуудтай холбогдуулан хуулийн төсөлд найруулга, үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засваруудыг хийсэн хэмээн Байнгын хорооны дарга Д.Ганбат танилцуулсан юм. Үүний дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хураалт явууллаа.
Төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалт буюу 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсгийн “харилцах дансны” гэсний өмнө “мөнгөн хадгаламжийн болон” гэж нэмэх саналыг УИХ-ын гишүүн Д.Ганбат гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Ингээд дээрх хуулийн төслүүдийг батлуулах нь зүйтэй хэмээн гишүүдийн олонх үзсэн учир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Мөн хуралдаанаар Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх батлах нь зүйтэй гэж үзлээ.