Малчид нийгмийн даатгалын шимтгэлээ хувааж төлдөг болно
ИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 91 хувийн саналаар хэлэлцэхийг нь дэмжлээ.
Малчдыг Нийгмийн даатгалд хамруулж, тэтгэвэрт гарах нөхцөл бололцоог хангахад хуулийн төслийн агуулга чиглэжээ. Өнөөдрийн байдлаар НДШ-д хамрагдаж байгаа нийт иргэдийн зургаан хувь нь малчид аж. Нөгөө талдаа одоогийн үйлчилж байгаа хуулиар НДШ-ийг сар бүр тогтмол төлөхөөр заасан байдаг. Гэвч сум, орон нутгаасаа хол мал аж ахуй эрхэлдэг малчдад НДШ-ээ сар бүр тогтмол төлөх бололцоо бага байдаг. Энэ нь тэдний орлоготой нь ч мөн холбоотой юм байна. Тиймээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, малчин нь НДШ-ээ жилдээ 2-3 удаа бөөнд нь төлж байх эрх зүйн орчинг бүрдүүлэхэд энэхүү төслийн гол зорилго чиглэжээ.
Мөн тэтгэвэрт гарах насыг нь таван насаар урагшлуулахаар төсөлд заасан байна. Хуулийн төсөл санаачилсан УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “малчдын насжилт төв суурин газар амьдардаг иргэдийнхээс 5-7 насаар богино байгаа нь судалгаагаар батлагджээ. Энэ нь хүнд нөхцөлд ажил эрхэлдэгтэй нь холбоотой” гэв. Тиймээс Монголын төр малчидаа суурин аж ахуй эрхлэх хүртэл нь тэтгэврийн насыг нь харж үзэх шаардлага байна гэлээ. Мөн хувиараа хөдөлмөр эрхлэгчид буюу тогтмол орлогогүй иргэд НДШ-ээ малчдын нэгэн адил төлөх боломжийг энэхүү хуулийн хүрээнд тусгаж өгсөн байна.