Ц.Даваасүрэн Дэлхийн банкны суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

2014 оны 11 сарын 24

Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн өнөөдөр /2014.11.24/ Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жим Андерсоныг Төрийн ордонд хүлээн авч уулзав.

Суурин төлөөлөгч Жим Андерсон уулзалтын эхэнд Дэлхийн банкнаас Монгол Улсад хэрэгжүүлэхэд бэлэн болоод байгаа “Ухаалаг засаг”, “Тогтвортой амьжиргаа хөтөлбөрийн гуравдугаар үе шат”, “Боловсролын чанарын шинэчлэл”, “Цахим эрүүл мэнд” зэрэг дөрвөн төслийг танилцууллаа.

Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн эдгээр төслийн ач холбогдлыг өндрөөр үнэлж байгаа учраас хэрэгжилтийн тал дээр бүрэн дэмжиж ажиллана, цаашид ч улс орны хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах томоохон төслүүд дээр хамтран ажиллах сонирхолтой байна гэдгээ илэрхийлэв. Өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал уул уурхай болон хувийн хэвшлийнхэнд тун хүнд тусаж байгаа. Тиймээс эдгээр салбарыг аль болох хохирол багатайгаар хүнд нөхцөл байдлаас авч гарах бодлого баримталж байна. Дэлхийн банк олон улсад янз бүрийн чиглэлийн төслүүд хэрэгжүүлж байсан, тэр дундаа дэд бүтцийн чиглэлээр хуримтлуулсан туршлага арвин. Мал аж ахуйн салбарт чиглэсэн, ялангуяа малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг дэмжих төслүүдийг Монголд хэрэгжүүлэх өргөн боломж байгааг онцлон дурдсан. Манай нөхцөлд уул уурхай дэлхийн зах зээлийн хамаарлаас үүдэн хэлбэлзэлтэй байдаг бол мал аж ахуйн салбар харьцангуй тогтвортой, эрсдэл багатай байх бизнесийн төрөл гэж харж байна. Тодруулбал, органик хүнс болон ноос, ноолуур, арьс ширний чиглэлийн хөнгөн үйлдвэрлэлийн томоохон төсөл хэрэгжүүлэх бололцоо бий. Зах зээл, нөөц бололцоо хангалттай учраас энэ чиглэлийн төсөл хэрэгжүүлбэл хэтдээ улс орны эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний нэлээд хувийг мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээс бүрдүүлэх боломж бий гэв.

Суурин төлөөлөгч Жим Андерсон дээрх төслүүдийг соёрхон батлах асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэж өгөхийг Байнгын хорооны даргаас хүсээд “Дэлхийн банк Монгол Улстай хамтран ажиллах стратегийн үндсэн чиглэлдээ уул уурхайгаас гадна бусад салбарыг солонгоруулах, хөгжүүлэх тал дээр анхаарал хандуулж байгаа. Тэр дундаа хөдөө аж ахуйн салбарын боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих нь бидний баримталж буй гол чиглэлийн нэг. Түүнчлэн, цаашид Монгол Улсын хөгжилд нөлөө үзүүлэхүйц том төсөл дээр хамтран ажиллах хүсэлтийг тань бүрэн дэмжиж, санал нэг байна. Энэ дашрамд Монгол Улс Дэлхийн банкнаас хоёр төрлийн санхүүжилт авах эрхтэй болсон нь тун таатай. Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлээс гадна Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас арилжааны нөхцөлтэй санхүүжилтийн эх үүсвэр авах бүрэн боломжтой болсон” гэдгийг хэллээ.

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “Ухаалаг засаг”, “Тогтвортой амьжиргаа хөтөлбөрийн гуравдугаар үе шат”, “Боловсролын чанарын шинэчлэл”, “Цахим эрүүл мэнд” төслүүдийг холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлж, баталгаажуулах ажилд анхаарал хандуулна гэдгээ илэрхийллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12614
0 эможи
keyboard_arrow_up