Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын Илгээлт
Эрхэм хүндэт даатгуулагч иргэд, харилцагч байгууллага, даатгалын салбарын мэргэжилтэн, албан хаагчид Та бүхэнд Монгол Улсад арилжааны даатгалын салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилье.
Монголчуудын өнөөгийн амьдралд урьд өмнө хэрэглэж байгаагүй санхүүгийн олон шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтэрч, санхүү, даатгалын зах зээлийн хамрах хүрээ өдрөөс өдөрт хөгжин тэлж байна. Монгол Улсын Их Хурал даатгалын зах зээлийн харилцааны эрх зүйн зохицуулалтын таатай орчинг бүрдүүлэхэд чиглэсэн бодлогын арга хэмжээнүүдийг дэс дараатай төлөвлөн хэрэгжүүлж ирсэн нь даатгалын салбарыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа билээ.
Манай улсын түүхэн дэх арилжааны даатгалын харилцааг зохицуулсан анхны хууль болох “Даатгалын тухай” хууль 1997 оны 12 дугаар сарын 5-ны өдөр батлагдсанаар даатгалын үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн үндэс бүрэлдэж, даатгалын түүхийн нэгэн шинэ үе эхэлсэн юм. Улмаар 2004 онд даатгалын хуулийн шинэчилсэн найруулга, “Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай” хуулийг баталснаар зах зээлийн эдийн засгийн харилцаан дахь даатгалын байгууллагын үйл ажиллагааны зохицуулалт бодлогын түвшинд үндсэндээ шийдэгдэж, Монгол Улсад даатгалын зах зээл өргөжин хөгжих нөхцөлийг бүрдүүлсэн байна.
УИХ-аас 2011 онд олон улсын жишгийн дагуу “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын тухай” хуулийг баталснаар авто тээврийн осолд өртсөн иргэдийн эрх ашгийг хамгаалж, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг жолоочийн хариуцлагын даатгалд хамруулдаг албан журмын даатгалын тогтолцоог шинээр нэвтрүүллээ.
2013 онд “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай” хууль, 2014 онд “Малын индексжүүлсэн даатгалын тухай” хуулийг батлан гаргасан нь тохиолдсон эрсдэлийг төр, засаг бус харин бизнесийн хэлцлээр даатгалаас төлдөг зах зээлийн нийгмийн суурь зарчмыг хэрэгжүүлэхэд улам ойртсон чухал ач холбогдолтой алхам болсон юм.
Гэсэн хэдий ч манай улсын даатгалын зах зээлийн хөгжлийг олон улсын даатгалын жишиг стандартад нийцүүлэн хөгжүүлэх, дотоодын даатгалын зах зээлийн хөгжлийн бодлого боловсруулах, даатгал өндөр хөгжсөн улс орнуудын загвар туршлагыг судлан хэрэгжүүлэх, санхүү даатгалын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх замаар иргэд даатгуулагчдад учирч болзошгүй эрсдэлийг бууруулах бодлого тодорхойлох, хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх байгууллагуудын ажлыг шинэ шатанд гаргах шаардлага гарч байна.
80 жилийн баялаг түүхтэй даатгалын салбарын хамт олон үйлчилгээнийхээ чанар хүртээмжийг улам сайжруулан орчин үеийн шинжлэх ухаан, технологийн ололтыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, шилдэг туршлага, ололтыг бүтээлчээр хэрэгжүүлэн олон түмний итгэлийг дааж, төр засгийн бодлогыг дэмжиж ажиллана гэдэгт итгэж байна.
Монгол орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө Та бүхэн өөрсдийн санал санаачлагыг өрнүүлэн ажил хэрэг болгон хэрэгжүүлж, даатгалын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж, улам ихийг хийж бүтээхийг хүсэн ерөөе.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД