Бүгд Найрамдах Польш Улсын Семийн дэд маршал Ежи Вендерлихыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Бүгд Найрамдах Польш Улсын Семийн дэд маршал Ежи Вендерлих тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр / 2014.11.20 / хүлээн авч уулзав.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд дэд маршалыг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд, уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийллээ.
Ноён Ежи Вендерлих Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч буйд талархал илэрхийлээд, туршлагатай Элчин сайд томилсонд баяртай буйгаа дуулгалаа. Мөн тэрээр хоёр улсын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны талаар санамж бичигт гарын үсэг зурахад бэлэн болсон тухай хэлээд, Монгол Улсын Их Хурлын даргыг Польш Улсад айлчлах үеэр энэ бичиг баримтад гарын үсэг зурахаар тохиролцсон тухай дуулгав. Түүнчлэн МУИС-ийн Польш хэлний ангийн оюутнуудтай уулзаж, санал солилцон цаашид явуулах тэтгэлэг, арга хэмжээний тухай мэдээлэл өгсөн тухайгаа УИХ-ын даргад дуулгасан юм.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд Монгол Улс нь Европын Холбоог гуравдагч хөршөө гэж үздэг. Тэр дундаа Польш Улстай олон жилийн уламжлалт найрсаг харилцаатайг дурдаад хоёр орны уламжлалт найрсаг харилцаанд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг онцлон тэмдэглэв. Мөн тэрээр эрхэмсэг ноён дэд маршал Ежи Вендерлихын Монгол Улсад хийж буй энэхүү айлчлал нь парламентын харилцааг гүнзгийрүүлэхэд нэгэн шинэ хуудас болж байгааг тэмдэглээд парламентын Тамгын газрууд хоорондын идэвхтэй хамтын ажиллагааг дэмждэгээ илэрхийллээ. Түүнчлэн хоёр талын хооронд боловсрол, соёл, батлан хамгаалах болон улс төрийн салбарын харилцаа идэвхтэй хөгжиж байгааг дурдаад худалдаа, эдийн засгийн харилцааг шинэ түвшинд гаргах, тэр дундаа зам тээвэр, барилга,үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуйн болоод уул уурхайн чиглэлээр илүү өргөн хүрээтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга эрхэмсэг ноён дэд маршал Ежи Вендерлихын Монгол Улсын улс төрийн нөхцөл байдлын талаар сонирхсон асуултад хариулт өгөөд, ажилд нь амжилт хүслээ. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Элчин сайд А.Ганбаатар нар болон албаны бусад хүмүүс байлцав.