Ажлын хэсгээс гаргасан санал, дүгнэлтийг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр болов

2014 оны 4 сарын 09

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо өнөөдөр үдээс өмнө хуралдаж Монгол Улсын 2014 оны төсвийн тодотголыг боловсруулахад Улсын Их Хурлаас Засгийн газарт үүрэг болгох, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг сайжруулах, цаашид төсвийн хөрөнгийг зүй зохистой ашиглах талаар төрийн бодлогын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонслоо.

 

Төсвийн байнгын хорооны 2013 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд “0.0” дүнтэй тусгагдсан 243 төсөл, арга хэмжээний талаар судалж, дүн шинжилгээ хийсэн Үндэсний Аудитын газрын тайланг сонсоод, Монгол Улсын 2014 оны төсвийн тодотголыг боловсруулахад Улсын Их Хурлаас Засгийн газарт үүрэг болгох, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг сайжруулах, цаашид төсвийн хөрөнгийг зүй зохистой ашиглах талаар төрийн бодлогын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийг байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Болор ажлын хэсгийг ахалсан бөгөөд тус ажлын хэсэг нийт 11 удаа хуралдаж санал, дүгнэлтээ гаргасан байна.

Ажлын хэсэг Монгол Улсын 2014 оны Төсвийн тухай хуульд “0.0” дүнтэй тусгагдсан арга хэмжээнээс 2014 оны төсвийн жилд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, Ажил нь бүрэн дууссан төсөл, арга хэмжээ, Хөгжлийн банкны санхүүжилтээр санхүүжүүлэх зам, гүүрийн барилга байгууламжийн жагсаалт, 2015 оны Төсвийн тухай хуульд тусгуулахаар хойшлуулах төсөл, арга хэмжээ, Төсөл, арга хэмжээний төсөвт өртгийн тооцоолол алдаатай боловсруулсан төсөвчдийн жагсаалтыг тус тус гаргажээ.

Аудитын дүгнэлтийн “Хойшлуулах шаардлагатай төсөл, арга хэмжээ”-ний жагсаалтад багтсан 81 төсөл, арга хэмжээнээс:

-орон нутагт хэрэгжих нийт 15 цэцэрлэгийн барилгыг,

-орон нутагт хэрэгжих 8 сургууль, сургуулийн дотуур байрны барилгыг,

-нийслэлд хэрэгжих 1 сургуулийн барилгыг,

-гэрээний биелэлт нь 70-98 хувийн гүйцэтгэлтэй байгаа 3 төсөл арга хэмжээг буюу нийт 36,9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 27 төсөл, арга хэмжээг энэ онд 29,5 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж, хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Харин үлдсэн 57 төсөл, арга хэмжээний жагсаалтад “захиалагчийн урсгал төсвөөс хасаж санхүүжүүлэх”, “төлөвлөлтийн алдаанаас нэр солигдсон”, “орон нутгийн хөрөнгөөр шийдвэрлэх шаардлагатай” гэсэн үзүүлэлтээр хамрагдсан 7 төсөл арга хэмжээг буюу нийт 61 төсөл, арга хэмжээг 2015 онд хэрэгжүүлэх талаар Засгийн газар судалж, шийдвэрлэх нь зүйтэй гэж үзжээ.

Хөрөнгө дахин төлөвлөх шаардлагагүй төсөл арга хэмжээний судалгааны жагсаалтад багтсан 47 төсөл, арга хэмжээнээс:

-21 төсөл, арга хэмжээг ажил нь бүрэн дууссан гэж үзэж улсын төсвөөс дахин санхүүжилт олгох шаардлагагүй,

-16 төсөл, арга хэмжээг Хөгжлийн банкны санхүүжилтээр санхүүжүүлж, цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх,

-16 төсөл, арга хэмжээг цаашид зориулалтын дагуу үргэлжлүүлэх эсэхийг Засгийн газар судалж, шийдвэрлэх, улсыг хохиролгүй болгох төсөл, арга хэмжээний жагсаалтад хамруулсан байна.

Түүнчлэн “Цаашид үргэлжүүлэн хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний судалгаа-1”-ийн жагсаалтад багтсан 409,2 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 107 төсөл, арга хэмжээ болон “Цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний судалгаа-2”-ын жагсаалтад багтсан 80.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 37 төсөл, арга хэмжээ, нийт 144 төсөл, арга хэмжээнээс 2014 онд зайлшгүй үргэлжлэн хэрэгжих шаардлагатай, гэрээ байгуулагдсан, ажил нь тодорхой хувийн гүйцэтгэлтэй төсөл, арга хэмжээг 2014 онд хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Мөн Ажлын хэсэг гаргасан дүгнэлтдээ үндэслэн Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1211
0 эможи
keyboard_arrow_up