Мөнгөний бодлогыг чуулганаар эцэслэн баталлаа

2014 оны 11 сарын 13

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2014.11.13/ нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан танилцуулгыг УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл уншиж танилцуулав.

 

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналуудыг тогтоолын төсөлд тусгасан байна. Тухайлбал, төгрөгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор макро эдийн засгийн гадаад тэнцвэрийг дэмжих, банкны салбарт эрсдэл хуримтлагдахаас сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээ авахыг Монголбанкинд, гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг зах зээлийн зарчимд шилжүүлэх замаар иргэдийн хэрэглээний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтвортой тогтолцоог бий болгож, хөтөлбөрөөс үе шаттай гарах арга замыг сонгож хэрэгжүүлэхийг Засгийн газар, Монголбанкинд тус тус даалгасан заалтуудыг нэмж оруулсан байна. Түүнчлэн санхүүгийн зах зээлд экспортын болон давхар даатгалын оновчтой тогтолцоог бий болгох ажлыг эхлүүлэх, хадгаламж, зээлийн хоршооны гишүүдийн хадгаламжийг мөнгөн хадгаламжийн даатгалд хамруулах бэлтгэл ажлыг хангах, тогтвортой санхүүжилтийн санаачлагыг дэмжиж ажиллах зэрэг саналуудыг нэмж тусгасан байна. Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг батлахыг дэмжсэнээр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоол батлагдлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11948
0 эможи
keyboard_arrow_up